УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн /2012.12.26/ хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 11 дэх илтгэл”-ийг хэлэлцлээ.
Энэ удаагийн илтгэлд Хорих байгууллага ба хүний эрх, Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлууд, Уул уурхай ба хүний эрх болон Эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн зарим асуудлыг тусгасан байна.
Уг илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комиссын хийсэн хяналт шалгалт, судалгаа, гаргасан шаардлага, зөвлөмжийн дагуу холбогдох байгууллагуудаас авсан арга хэмжээний талаарх тоо баримт, мэдээлэл, ажлын тайлан дээр үндэслэн боловсруулсан байна. Мөн нийгэмд тулгамдсан, зайлшгүй анхаарвал зохих сэдвүүдийг сонгон авснаа Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж хэллээ.
ХЭҮК-ын 10 дахь илтгэлээр хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх өмнөх есөн илтгэлийн 143 санал зөвлөмжийн хэрэгжилтийг тооцож үзэхэд нийт зөвлөмжийн 41 нь буюу 28,6 хувь нь бүрэн, 45 нь буюу 31,4 хувь нь хагас хэрэгжиж, 57 нь буюу 39,6 хувь нь хэрэгжээгүй гэсэн тооцоо гарчээ.
Энэ байдалд гишүүд шүүмжлэлтэй хандаж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Хүний эрхийн Үндэсний Комиссоос жил бүр илтгэл, тайлан, зөвлөмж гаргадаг ч үр дүнгүй байна. Манай улсын хүний эрхийн тухай хууль, тогтоомж болохгүй байна уу” гэж асуусан бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “1990 оноос хойш хүнлэг, энэрэнгүй нийгмийг цогцлоохоор хичээж байгаа ч хүний амь нас, үнэ цэнэ гэж зүйл байхгүй байна. Хурдан морь 100 сая төгрөгөөр үнэлэгдэж байхад Монгол хүний амь нэг сая төгрөгөөр үнэлэгдсэн тохиолдол байна. Хүний эрхийг хамгаалах шинэ тогтолцоог бий болгох хэрэгтэй. Хүний эрхийн Үндэсний Комисс зөвхөн зөвлөмж, илтгэл хүргүүлсэн төдийгөөр хязгаарлагдмал баймааргүй байна. Тиймээс хэрхэн үр дүнтэй болгох талаар УИХ-тай нягт хамтран ажиллах шаардлагатай” хэмээв.
Үүнд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж хариулахдаа, “Илтгэл бол манай байгууллагын ажлын тайлан биш гэдгийг онцлмоор байна. Олон Улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн конвенцид тусгасны дагуу Монгол Улсын хүний эрхийн байдалд дүгнэлт хийж байгаа юм. Энэ зөвлөмжийнхөө хүрээнд хууль тогтоох байгууллагад шийдвэр гаргуулахаар илтгэлээ тавьдаг. Монгол хүний үнэ цэнийг баталгаажуулахаар дэлхий дахины жишгийг судлаж байна” гэлээ.
Дэд хорооны гишүүд хорих ангийн ажилчид, ялтан, сэжигтнүүдийн эрхийн талаар түлхүү асууж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Урьдчилан саатуулах байр, хорих ангуудын нэгдсэн стандарт зайлшгүй шаардлагатай байна. Олон ч жил яригдаж байгаа. Урьдчилан саатуулах байр хорих байр биш. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэрэг хүлээлгэхийн тулд эрүүддэг байдлыг зогсоох нь зүйтэй. Хяналтын үр нөлөөг өндөр болгох оновчтой шийдэл дутагдаж байна. Ялтнаар ажил хийлгүүлэх боломж нэг үеэ бодвол сайжирч байгаа. Харин хорих ангид ажиллаж байгаа ажилтнуудын хувьд ажлын нөхцөл хүнд байдаг” гэв. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгийн хэлснээр Монгол Улсын хэмжээнд нийт 25 төвлөрсөн хорих анги байгаагаас баривчлах ял эдлүүлэх 1 анги, жирийн дэглэмтэй 11 хорих анги, чанга дэглэмтэй 11 хорих анги, онцгой дэглэмтэй 1 хоргих анги, нэг гяндан байна. Хорих ангийн одоогийн тогтолцоогоор ялтныг хөдөлмөр эрхлүүлэх боломж бололцоо хомс. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.6 дахь хэсэгт зааснаар чанга, онцгой дэглэмд ял эдлэж байгаа ялтныг хорих байгууллага зөвхөн өөрийн үйлдвэрлэл дээр ажиллуулахаар хуульчилсан байдаг байна. Гэтэл үйлдвэрлэл эрхэлдэггүй чанга дэглэмтэй хорих ангиудад ял эдлэж байгаа хүмүүсийн хувьд хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдаж, тэр хэмжээгээр хуулиар хүртэх хөнгөлөлт, цалин хөлсийг авч чаддаггүй. Чанга дэглэмтэй 11 хорих ангийн 4-т нь л үйлдвэр байгаа бөгөөд тэдгээр үйлдвэрт ажлын байрны хүрэлцээ муу, ялтнуудад хөдөлмөр эрхлэх боломж тэгш бус байдаг аж.
Тиймээс хууль эрх зүйн орчныг сайжруулж, хорих байрны нэгдсэн стандартыг бий болгох, хорих байгууллагуудыг үйлдвэржүүлэх, ялтнуудыг нийгэмшүүлэх тал дээр түлхүү анхаарах цаг болжээ гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа юм.
Хүний эрхийн Үндэсний комиист ирсэн гомдол, өргөдлийн дийлэнх хэсгээс сэжигтнийг хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд дарамталдаг байдал ажиглагдсан байна. Энэ нь камераар тоноглогдсон өрөө тасалгаанд байцаалт явагддаггүйтэй холбоотой аж. Гомдлын мөрөөр шалгахад гэрчгүйн улмаас дарамталсан эсэх нь тогтоогддоггүй байна.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Та бүгдийн хөндсөн бүхий л асуудлыг тусгасан арван багц хуулийн төслийг он гаргаад нэг сарын эхээр УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Хүний эрх, мөрдөн байцаалтын явц гэх мэтчилэн олон талын асуудлыг тусгасан хуулийн төслүүд бэлэн болсон” гэв.
Хүний эрхийн Үндэсний Комиссоос шийдвэр гаргуулахаар дараах зөвлөмжүүдийг УИХ-д хүргүүлж байгаа аж. Үүнд:
- Цагдан хорин болон хорих байрны стандартыг баталж, улсын хэмжээнд мөрдүүлэх
- Ялтнаар аль болох хөдөлмөр эрхлүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагын үүднээс гяндангаас бусад хорих ангиудад ажлын байр бий болгох асуудлыг судалж, дэс дараатай шийдвэрлэх
- Хөдөлмөрийн хамт олон үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэж, эрх ашгаа хамгаалуулах, үйлдвэрчний эвлэл хөдөлмөрчдийн эрх ашгийг тууштай хамгаалдаг байх нөхцөл боломжийг бүрдүүлсэн, олон улсын нийтлэг жишигт нийцүүлсэн байдлаар Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийг шинэчлэн батлах
- ХЭҮ, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Авто тээврийн газар, Авто замын газрын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг Өмнөговь аймгийн Цогтцэций, Хангбогд сумдад томилон ажиллуулж, уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотойгоор хүний эрх зөрчигдөж байгаа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж, холбогдох шийдвэр гаргуулах
- Хорт хавдар болон бусад өвчний улмаас хөнгөвчлөх тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байгаа өвчтөнд уг үйлчилгээг үзүүлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийг эрүүл мэндийн даатгалын сангаас эсхүл төсвөөс зардлыг нь санхүүжүүлдэг эрх зүйн орчинг би йболгох
- Сэтгэцийн эмгэгтэй хүмүүст зориулсан асрамжийн газар байгуулах асуудлыг нэн даруй шийдвэрлэх зэрэг асуудлыг тусгажээ.
Ингээд Хүний эрхийн Үндэсний Комиссын 2011 оны илтгэлийг ийнхүү хэлэлцэж, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр болсноор Хүний эрхийн дэд хорооны хуралдаан өндөрлөлөө.
Л.Жаргалмаа