logo
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 340 мянгыг олгож эхэллээ

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 340 мянгыг олгож эхэллээ

2012/12/27
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 1 сая төгрөгийн үлдэгдэл 340 мянгын эх үүсвэр болох нийт 334,2 тэрбум төгрөгийг Хаан, Хадгаламж, Капитал банкуудад байршуулжээ. Ингэснээр иргэд өнөөдрөөс эхлэн мөнгөө авах боломж бүрдлээ гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр /2012.12.26/ сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Дээрх мөнгөний эх үүсвэрийг бондоор шийдсэн юм. Тодруулбал хоёр долоо хоногийн өмнө парламентын гишүүд Засгийн газраас дотоод зах зээлд үнэт цаас арилжиж мөнгө олох УИХ-ын  тогтоолын төслийг хэлэлцэж баталсан.

        Хувь хишгийн үлдэгдэл  340 мянган төгрөгөө аваагүй иргэдээс гадна, 1 сая төгрөгөө авахаар нэмж хүсэлтээ гаргасан 19 мянган иргэн байгаа юм байна. Эдгээр иргэдийн тоог оруулбал нийт 326 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хувь хишгийн мөнгийг шийдвэрлэжээ. Хэдийгээр оны төгсгөлд 340 мянгыг олгох асуудал шийдэгдэж байгаа ч Төрийн сан жилийн эцэс гээд мөнгөө эргүүлж татна гэж иргэд санаа зоволгүйгээр, банкуудад урт дараалал үүсгэлгүй он дамжуулан авч болно гэдгийг сайд мөн хэллээ. Учир нь дээрх мөнгийг иргэдийн нэрийн дансанд байршуулсан байна.

Түүнчлэн өмнөх жилүүдэд 21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэд ирэх онд авах бололцоог төсвөөр шийдэж өгсөн байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш