Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2012.12.26/ хуралдаанаар Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болоод эдгээр хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан юм.
Улсын Их Хурлаас 2012 онд баталсан Монгол Улсын Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Монгол Улсын Шүүхийн захиргааны тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Монгол Улсын Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиуд /цаашид Шүүхийн тухай багц хууль гэх/-ын дагаж мөрдөх хугацааг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр болгож, холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж, Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталснаар шүүхийн шинэтгэлийн амин чухал асуудлууд болох шүүхийн бие даасан, нээлттэй, ил тод байдлыг хангах, шүүхийн захиргаа, төсвийг бие даалгах, шүүх, шүүгчийн ажлын ачааллыг зохистой болгох, шүүгчийн ур чадвар, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх замаар шударга шүүхээр шийдвэрлүүлэх Үндсэн хуулийн зарчмыг илүү бодитойгоор, түргэн шуурхай хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж тэрбээр хэлсэн.
Хуулийн төсөлд Монгол Улсын дээд шүүхийн шүүгчдийн орон тоог нэмж, шүүгчийг сонгон шалгаруулж, Монгол Улсын Их Хуралд танилцуулан, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх ажлыг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2002 оны Шүүхийн тухай хуульд нийцүүлэн зохион байгуулах, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дахь хэсгийн хэрэгжилтийг хангахад шаардагдах нэмэлт зардлыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4–т заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэх ажлыг 2013 оны 1 дүгээр сард багтаан гүйцэтгэхийг Засгийн газарт даалгаж, Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай дүрэм, стандарт, журмуудыг боловсруулж, батлуулах, бүтэц, зохион байгуулалтын болон техник хэрэгсэл, санхүү, эдийн засгийн холбогдох арга хэмжээг 2013 оны 4 дүгээр сарын 15-наас мөн оны 11 дүгээр сарын 1-ний өдөр дотор багтаан зохион байгуулахыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Засгийн газарт тус тус даалгахаар тусгасан байна.
Шүүхийн багц хуулийн хэрэгжүүлж эхлэх хугацааг нааш нь татаж, шүүхийн шинэтгэлийг эхлүүлэх ажлыг түргэвчлэх нь Монголд шударга ёс бэхжих, хараат бус шүүхийн тогтолцоо төлөвших, иргэдийн эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлийг хамгаалдаг шүүхийн шинэ тогтолцоог бүрдүүлэхэд ач холбогдолтой гэж төслийн танилцуулгад дурсан байна. Шүүхийн багц хуулийн гол зарчим бол төрд үйлчилдэг хуучны улс төржсөн шүүхийн тогтолцооноос илүү иргэндээ үйлчилдэг, тэдний эрхийг нь хамгаалдаг, шаардлагатай бол төрийн хууль бус шийдвэрийг ч хүчингүй болгож чаддаг, улс төр, бизнесийн бүлэглэл, хувь хүмүүсээс хамааралгүй ажиллаж чаддаг шүүхийн тогтолцоог бий болгож, төлөвшүүлэх явдал гэж төслийн танилцуулгадаа мөн дурдсан.
Хуулийн төслүүдийн таницуулгатай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ.
Үүний дараа Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон “Шүүгчийн орон тоо батлах тухай” тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Төслүүдийн танилцуулгыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хийлээ.
Энэхүү хуульд аймаг, нийслэлийн шүүхийг иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болгон өөрчилж, нутаг дэвсгэрийн ойр байдлаар бүсчлэн, шүүх байгуулах газрыг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд заасны дагуу байршуулжээ. Иймд хэргийн ачаалал, нутаг дэвсгэрийн ойр дөт байдлыг харгалзан 2-3 аймгийн давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар эрүүгийн давж заалдах шатны 9 шүүх, иргэний давж заалдах шатны шүүх 9 шүүх гээд нийт 18 шүүхийг тойргийн журмаар байгуулахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Түүнчлэн сум дундын 29, Захиргааны хэргийн анхан шатны 22, дүүргийн эрүүгийн 4, иргэний 4 нийт 59 шүүхийг байгуулах аж. Сум дунд Захиргааны болон дүүргийн шүүхийг байгуулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа тухайн аймгийн нутаг дэвсгэрийн байршлаас үл шалтгаалан иргэдэд ойр сум, дүүрэгт харъяалуулсан нь шүүхийн үйлчилгээг иргэдэд аль болох ойртуулах гэсэн хуулийн үндсэн санаа бөгөөд шүүхийн үйлчилгээг ард иргэд хүндрэл, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, иргэдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхийг хангах, гэмт хэргийн гаралт, хүн амын өсөлт зэргийг тооцож харъяаллыг тогтоосон байна.
Давж заалдах шатны шүүхэд одоогийн байдлаар 101 шүүгч ажиллаж байгаа бөгөөд 57 орон тоо нэмэгдэж 158 шүүгч ажиллахаар, захиргааны хэргийн анхан ба давах шатны шүүхэд одоо 76 шүүгч ажиллаж байгаа бөгөөд 36 орон тоо нэмэгдэж 112 шүүгч ажиллахаар, сум дундын шүүхэд 170 шүүгч ажиллаж байгаа бөгөөд 57 орон тоо нэмэгдэж 227 шүүгч ажиллахаар, дүүргийн шүүхэд 91 шүүгч ажиллаж байгаа бөгөөд 93 орон тоо нэмэгдэж 184 шүүгч ажиллахаар тогтоолын төслийг бэлтгэжээ. Сайдын хийсэн танилцуулгатай холбогдуулан асуул асууж, санал хэлэх гишүүн байгаагүй. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж тогтлоо.
Г.Бүрэнжаргал