Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд нийт 59 мэдээ, баримт бичиг, эд зүйл, обьект, ажиллагааг төрийн нууцад хамаарахаар хуульчилсан байдаг юм байна. Үүнээс цаг үеийн шаардлагыг харгалзан зарим бичиг баримтыг төрийн нууцын жагсаалтаас гаргах шаардлага тулгарчээ. Тухайлбал, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн нэгдүгээр зүйлийн 17-д “Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сан”-г Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын хүрээнд маш нууц зэрэглэлээр байнга нууцлах хугацаатайгаар, мөн зүйлийн 32-т “1:100 000-аас илүү нарийвчлалтай масштабын байр зүйн зураг”-ийг нууцалсан зэрэглэлээр байнга нууцлах хугацаатайгаар тус тус төрийн нууцад хамааруулсан байдаг. Гэтэл иргэний бүртгэл, мэдээллийн улсын санд иргэний төрсний, гэрлэсний, гэрлэлт цуцлуулсны, гэрлэлт сэргээсний, эцэг тогтоосны, үрчилсний , харьяалал сэргээсний зэрэг бүртгэл хамаардаг. Тиймээс улсын харьяатаас гарсан, харьяат болсон, харьяалал сэргээсэнтэй холбогдохоос бусад мэдээллийг төрийн нууцад зайлшгүй хамааруулах шаардлагагүй гэж Засгийн газар үзжээ.
Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээг батлах тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хувьд малын удмын санг сайжруулах эцэг мал гадаад улсаас оруулахад гаалийн татвараас чөлөөлөх нэмэлтийг тусгажээ. Хүн амыг хүнсээр тогтвортой хангаж, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг сайжруулахын тулд малын үүлдэрлэг байдал, чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авах шаардлага байгаа юм. Компани, аж ахуйн нэгж хэрэгцээндээ зориулж махны чиглэлийн үхрийн гүн хөлдөөсөн үр, хөврөл үр импортлохдоо зөвхөн гаалийн татварт 44 сая төгрөг төлсөн тохиолдол байдаг. Иймд цэвэр үүлдрийн гойд ашиг шимт мал, амьтны гүн хөлдөөсөн үр, хөврөл үрийн гаалийн албан татварыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тэглэх шийдвэрийн төслийг Засгийн газар боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.