Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөлгөөнийг нээж Гадаад харилцааны сайд Л.Болд хэлсэн үгэндээ “Дэлхий дахины даяаршил улам бүр тэлж, шинжлэх ухаан, мэдээллийн технологи үсрэнгүй хөгжиж, улс төр, эдийн засгийн интеграц өргөжиж, улс хоорондын харилцаа, хамаарал гүнзгийрсэн өнөө үед гагцхүү сайн гадаад бодлого л улс орны аюулгүй байдлыг хангаж чадна. Эл том үүрэг, хариуцлагыг биелүүлэхийн тулд бид дипломат үйл ажиллагааны арга барилыг шинэчлэх хэрэгтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол төрийн гадаад бодлогын залгамж чанарыг хадгалахын зэрэгцээ түүнийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн дипломат үйл ажиллагааг үр дүнтэй, үр ашигтай, өгөөж ихтэй болгохыг зорино” хэмээн онцоллоо.
Шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд ГХЯ дипломат үйл ажиллагаанд хэд хэдэн шинэчлэл хийхээр эхлүүлснийг зөвлөлгөөний үеэр ярилцлаа. Тухайлбал, дипломат үйл ажиллагааг монгол иргэн бүрийнхээ эрх ашгийг хамгаалж, тэдэндээ хүрч үйлчлэхэд чиглүүлэхийг зорьж байгаа юм. Мөн бусад яам, агентлагууд, орон нутгийн засаг захиргааны гадаад харилцааг “нэг цонхны” бодлогоор зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах үүргийг Гадаад харилцааны яам гүйцэтгэх бөгөөд энэ талаарх холбогдох дүрэм, журмыг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх талаар зөвлөлгөөнд оролцогчид санал бодлоо солилцлоо.