logo
Ирээдүйн хилчид Хил хамгаалах байгууллагатай танилцав

Ирээдүйн хилчид Хил хамгаалах байгууллагатай танилцав

2012/12/28

Нийслэлийн Баянзүрх дүүргийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 97 дугаар сургуулийн сурагчдын төлөөлөл арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Хил хамгаалах байгууллагатай танилцлаа. Цэргийн хүн болохыг хүсч, мөрөөдөж яваа  эдгээр сурагчдын төлөөлөл өөрсдийн хүсэлтээр Хил хамгаалах байгууллагыг сонирхон, нээлттэй өдөрлөгт оролцсоноороо онцлогтой. Өдөрлөгийн хүрээнд 25 сурагч ХХЕГ-тай танилцан, хагас өдрийг хилчидтэй хамт өнгөрүүлсэн юм. Сурагчид эхлээд Хилийн түүхийн музейг үзэж сонирхов. Үе үеийн хилчдийн байгуулсан гавъяа, баатарлаг үйлсийг гэрчлэн үлдсэн музейн үнэт үзмэрүүд тэдний сонирхолыг ихээр татаж буй нь илт байлаа. Харин дараа нь тэд ХХЕГ-ын  тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хошууч генерал С.Гүржавтай уулзаж, дурсгалын зураг хамтдаа авахуулцгаасан юм. Хошууч генерал С.Гүржав хил, хилчдийн тухай, өнөө цагийн Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаа болон ХЦДБЧ, “Хилчин” спорт хорооны тухай тэдэнд товч танилцууллаа. Удахгүй арваннэгдүгээр ангиа төгсч, мэргэжлээ сонгон амьдралд хөл тавих гэж буй эдгээр сурагчдад тэрбээр эх орноо хайрлаж, улс эх орондоо тустай сайн хүн болохыг хүсэн ерөөлөө. 

Сурагчид дараа нь ХЦДБЧ-ын уран бүтээлийн тоглолтын дээжээс үзэж сонирхсоноор Хил хамгаалах ерөнхий газартай танилцах өдөрлөг өндөрлөсөн юм. Ингээд энэ үеэр сурагчдын сэтгэгдэлээс хуваалцлаа.

-Нийслэлийн 97 дугаар сургуулийн Дунд анги хариуцсан сургалтын менежер Ш.Оюунсайхан:

-Тус сургуулийн арваннэгдүгээр ангийн бүлэг бүрээс таван хүүхэд өдөрлөгт оролцож байна. Ирээдүйд хүчний байгууллагуудад ажиллах хүсэл эрмэлзэлтэй сурагчид өөрийн хүсэлтээрээ ирсэн. Хүүхдүүдийн хувьд сэтгэл өндөр байна. Танихгүй мэдэхгүй, гайхшрах зүйл ч олон тааралдаж байх шиг харагдлаа. Тухайлбал, тагнуул хийх зорилготой хил зөрчсөн тагнуулчийн хувцасыг хараад яг яаж, хэрхэн барьж авсан талаар ихэд олзуурхан сонирхож байна. Бид түүхийн хичээл дээр л өвөг дээдэс маань эх орноо хэрхэн хамгаалж байсан талаар үзэж судалдаг. Гэтэл ийнхүү түүхэн үзмэр үзэх нь бодит мэдээлэл, мэдлэг болдог юм байна. Номын хуудсан дээрээс л цэрэг хувцасны загвар, мөрдэс, галт зэвсэг харж байсан бол өнөөдөр өөрийн нүдээр үе үеийн хилчдийн эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэлийг харлаа. Эх орныхоо төлөө халуун амь, үйл хэргээ зориулж явсан цэргийн удирдагчдын зургийг хараад ийм хүн байжээ гэж зүс мэдэж авах жишээтэй. Зарим үзмэрүүдийг барьж үзэх боломжтой юм билээ. Ийнхүү мянга сонсохоор, нэг үз гэдэгчлэн нүдээр үзэх нь илүү үр өгөөжтэй юм. Ингээд ХХЕГ-ын Мэдээлэл, соёл сурталчилгааны хэлтсийн хамт олонд баярлалаа гэж хэлье. Манай сургуулийн сурагчид Хил хамгаалах байгууллагын байнгын зочин байх болно.

Нийслэлийн 97 дугаар сургуулийн 11г ангийн сурагч С.Билгүүн:

-Хилчидтэй танилцах сайхан байлаа. Би цэргийн хүн болохыг хүсдэг. Амьдрал дээр цэргийн хүнийг хараад бахархаж явдаг. Тиймээс өнөөдөр хилчдийн дунд хэсэгхэн хугацаанд ч гэсэн орж үзсэндээ баяртай байна. Би бөхийн спортоор хичээллэж,  “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээнд бэлтгэл хийдэг. Тиймээс “Хилчин” спорт хорооны тухай мэднэ, зарим тамирчдыг нь танина. Цаашдаа “Хилчин” спорт хороонд бэлтгэл хийх бодол бий. Генерал сая манай үүд хаалга нээлттэй гэж хэлсэн болохоор би “Хилчин” спорт хороонд харъяалагдан бэлтгэж хийж болох юм  гэж ойлголоо.

Нийслэлийн 97 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Х.Баасандэлгэр:

-“Хил хамгаалах алба” гэсэн хаягтай энэ байгууллагын хажуугаар гараад л өнгөрдөг байлаа. Орж үзэх юмсан гэж боддог байсан. Өнөөдөр сургуулийнхаа найзуудтай Хил хамгаалах байгууллагатай танилцаж байгаадаа сэтгэл өндөр байна. Хилчдийг эх орныхоо хилийг манаж, эх орныхоо сайн сайхны төлөө зүтгэдэг хүмүүс гэж боддог. Өнөөдөр харин Монгол Улсын иргэн бүрийн амар амгалангийн төлөө зүтгэж байгаа хилчдээр их бахархлаа. Үүднээсээ орж ирэхэд л надад таалагдсан. Хамгийн гоё нь Улсын хилийн түүхийн музейг үзэх явдал байлаа. Баатарлаг гавъяа байгуулсан хилчдийн хувцас, одон медаль их сүртэй сайхан юм билээ. Би цаашдаа цэргийн болох хүсэлтэй. Гэр бүлийнхэн маань ч намайг энэ чиглэлд дэмждэг. Манай ах БХИС-ийг төгссөн. Тиймээс цэргийн хүний жаргал, зовлонг нь гадарладаг. 

 Нийслэлийн 97 дугаар сургуулийн 11г ангийн сурагч М.Цахиур:

Монгол Улсынхаа Хил хамгаалах албаар бахархаж байна. Үнэхээр хилчдийнхээ талаар юу ч мэддэггүй явжээ. Хилчин баатруудын түүхэнд байгуулсан үйлсээр бахархахгүй байхын аргагүй юм. Дайнд оролцож явсан хилчдийн хувцас, хэрэглэлийг хараад эх орноороо илүүтэй бардамнаж, харин би өөрөө илүү сайн хичээн суралцах ёстой юм байна гэж бодлоо. Цэргийн хүн болоод Монгол Улсынхаа төлөө зүтгэх болно. Эх орондоо өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахсан гэхээс яарах сэтгэл төрлөө. Та бүхэнд их баярлалаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш