Энэ сарын 21-28-ны өдрүүдэд 11 11 төвд 1207иргэн хандсаны 79хувь нь санал хүсэлт, 11 хувь нь гомдол, 9 хувь нь шүүмжлэл, бусад нь талархал илгээсэн байна. Нийт хандалтын 329-т холбогдох газрууд хариу өгч, үлдсэн нь шийдвэрлэлтийн шатандаа явж байна.
Эрүүл мэнд, уул уурхай, хөдөлмөр халамж үйлчилгээ, боловсрол, нийслэл хоттой холбоотой асуудал иргэдийн анхаарлын төвд хэвээр байж, хамгийн олон санал шүүмж хүлээн авлаа. Нийслэлтэй холбоотой санал гомдлыг 236 иргэн ирүүлснийг Нийслэлийн Засаг даргын тамгын газарт шилжүүлсэн байна. Түүнчлэн, Ерөнхий сайдад 129, Нийгмийн халамж үйлчилгээний газарт 92, УИХ-ын Тамгын газарт 47, Хууль зүйн яаманд 42, Сангийн яаманд 41, БШУЯ-нд 39, Нийслэлийн боловсролын газарт 32, Цагдаагийн ерөнхий газарт 28, Эрүүл мэндийн яаманд 27, Харилцаа холбооны зохицуулах хороонд 24, ССАЖЯ-нд 22, Уул уурхайн яаманд 18, ХАХНХЯ-нд 16, Гадаад харилцааны яаманд 5санал хүсэлт тус тус иржээ.
Дээрх хугацаанд эрчим хүчний хязгаарлалт, доголдолтой холбоотой гомдол цөөнгүй ирлээ. Нийтийн эзэмшлийн газрууд цас мөсөө цэвэрлэхгүй байгаагаас иргэд халтирч гэмтэж байгааг “11 11 төв”-д иргэд дуулгаж, хотын захын дүүргүүдэд халтиргаа гулгаанаас сэргийлсэн арга хэмжээ хийгдэхгүй байгааг шүүмжилжээ. Мөн хотын захын дүүргүүдэд гэрэлтүүлэг муу байгааг дахин сануулж, зарим газарт гэрлийн шонгууд өдрийн цагаар асаалттай байгааг мэдээлжээ. Шинэчлэлийн Засгийн газраас авсан зохицуулалтын үр дүнд тонн тутам нь 80 мянган төгрөг болон буурч, жижиглэнгийн худалдаанд 40 кг-ийн шуудайтай нь 3200 төгрөгөөр зарагдаж байгаа нүүрс цаг тухайдаа ирэхгүй, эсвэл борлуулалтын цэг эрт хааж байна, хог ихтэй шуудайлсан байна зэрэг гомдлыг “11 11 төв”-д мэдээлсэн байна.