logo
2012 онд 883 мянган тн ургац хураан авчээ

2012 онд 883 мянган тн ургац хураан авчээ

2012/12/29

Улирч буй энэ онд манай улс 883,1 мянган тн  ургац хураан авснаас 475,9 мянган тн үр тариа, үүнээс 461,6 мянган тн буудай, 242,7 мянган тн төмс, 98 мянган тн хүнсний ногоо, 20 мянган тн тосны ургамал, 45 мянган тн тэжээлийн ургамал хураан авчээ.  Жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 52,6 хувийг дотоодын ургацаар хангах боломжийг бүрдүүллээ гэж Үйлдвэр, хөдөө ахуйн сайд Х.Баттулга 2012 оны ургац хураалтын дүнгийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.

Үүнтэй холбогдуулан газар тариалангийн салбарт дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх, тариалангийн салбарын эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, хүнсний ногооны үйлдвэрлэл, зоорь агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Х.Баттулгад даалгалаа.

             Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний заалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд  Өмнийн говийн бүсийн хөгжлийн Зөвлөлийг шинэчлэн байгууллаа. Тус зөвлөлийг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ даргална.

  • Нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтод бүлэгт хүргэхийн тулд Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газарт мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагааг хангах мэдээлэл технологийн ажилтан,  өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судлаач ажилтан, мэдээллийг бүртгэж оруулах ажилтнуудыг авч ажиллуулах шаардлагатай байгаа юм байна. Иймээс Орон тооны хязгаар батлах тухай Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулахаар боллоо. Орон тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан шаардагдах санхүүжилтийг төсвийн багцдаа багтаан зохицуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгалаа.
  • Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн энэ оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зөвлөмжийг үндэслэн газрын тосны хайгуулын “Сүхбаатар-XXVII” талбайд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газар “Вульф петролеум” ХХК-ийн хооронд байгуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурах эрхийг Газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Өлзийбүрэнд олголоо.
  • Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйчилгээг зохицуулах зөвлөлийн 2013 оны орлого, зардлын төлөвлөлөөг баталлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш