logo
Засаг даргын орлогч нарын томилгоог зөвшилцлөө

Засаг даргын орлогч нарын томилгоог зөвшилцлөө

2013/01/03
Засгийн газрын энэ сарын 22-нд баталсан 190 дүгээр тогтоолоор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн баталсан билээ. Шинэ бүтцээр нийслэлийн Засаг дарга зургаан орлогчтой ажиллахаар болсон байна. Засгийн газрын уг тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга таван нэр дэвшигчийг ИТХ-ын Тэргүүлэгчидтэй зөвшилцөхөөр хуулийн дагуу хүргүүлснийг Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч даргад Н.Батаа, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч даргад С.Очирбат, Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч даргад Н.Гантөмөр, Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч даргад Ц.Буяндалай, Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч даргад Т.Бат-Эрдэнэ нарыг нэр дэвшүүлжээ. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд нэр дэвшигчдийг зөвшилцсөнд тооцож, санал нэгтэйгээр дэмжлээ. ИТХ-ын Тэргүүлэгчид дэмжсэн учраас нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж орлогч нараа томилно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш