logo
Архидалтын эсрэг идэвхитэй ажилласан ТББ-уудыг шагналаа

Архидалтын эсрэг идэвхитэй ажилласан ТББ-уудыг шагналаа

2013/01/03
Хууль зүйн яам 2012 онд Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийн хүрээнд архидалтын хор хөнөөлийг таниулах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн бус байгууллагуудтай хамтран ажилласан. Өнгөрсөн хугацаанд архидалтын эсрэг үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн “Архидалт мансуурлын эсрэг ассоциаци” ТББ-ын тэргүүн Б.Баяраа, “Нийгмийн дэг журам” ТББ-ын тэргүүн М.Жамба, “Ламрим” ТББ-ын тэргүүн Б.Дэшигсүрэн, “ЭКПАТ” ТББ-ын тэргүүн Д.Энхтуяа нарыг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгийн тушаалаар мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

“Архидалт мансуурлын эсрэг ассоциаци” ТББ нь архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан 29 төрийн бус байгууллагыг нэгтгэн архины хамааралтай иргэд болон тэдний гэр бүлд нийгмийн сэтгэл зүйн тусламж үзүүлсэн, архины хамаарлаас гарч байгаа иргэдийг амьдрах ухаанд сургах, ажлын байраар хангах чиглэлээр анхаарч ажиллажээ.

“Нийгмийн дэг журам” ТББ-ын хувьд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах ажилд иргэд, олон нийтийг идэвхитэй оролцуулах, өсвөр үеийнхэнг согтууруулах ундааны хэрэглээнээс ангид эрүүл аж төрөх зан үйлд сургах талаар сургалт зохион байгуулсан бол “Ламрим” ТББ нь малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхээр байнгын ажиллагаатай цахим сүлжээ, лавлах утас ажиллуулж байгаа юм. Мөн Хууль зүйн яамны санхүүжилтээр Эрүүгийн цагдаагийн газартай хамтран сургалт, зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулжээ.

“ЭКПАК” ТББ нь хүүхдийг бэлгийн зорилгоор ашиглах, садар самуунд уруу татах, хил дамжуулан худалдаалах, гэмт хэрэгт өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш