logo

"First" сэтгүүл тусгай дугаараа монголд зориулна

2013/01/04

Британид олон хувиар хэвлэгддэг, нэр хүндтэй “FIRST” (Тэргүүн) сэтгүүл Монгол Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийг тохиолдуулан Монгол Улсын тухай тусгай дугаар хэвлэн гаргахаар бэлтгэж байна. 

1984 онд байгуулагдсан  тус сэтгүүл улс орнуудын төрийн болон төрийн бус байгууллага, эдийн засаг, санхүүгийн салбарт тэргүүлэгчдийг олон нийтэд танилцуулах,  улс түмний хооронд харилцан ойлголцлыг бэхжүүлэх,  ажил хэрэгч хүмүүсийн хүрээнд яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих зорилгоор хэвлэн нийтлэх, уулзалт, семинар зохион байгуулах, Нийгмийн хариуцлагатай үйлдвэрлэгчдийг алдаршуулах зэрэг олон талын үйл ажиллагаа явуулж  ирсний учир  Британийн Хатан хааны шагналыг 2010 онд  хүртсэн байна.

Олон оронд байнгын уншигчтай FIRST сэтгүүл бүс нутаг,  улс  орны тухай болон нийгэм, эдийн засгийн өргөн хүрээтэй сэдвээр  нэр хүндтэй эрдэмтэд, сайд нар, үндэстэн дамнасан томхон компанийн  гүйцэтгэх захирлуудтай ярилцлага хийж сурвалжлага нийтлэл бичдэг, ном товхимол хэвлэдэг, төрийн болон бизнесийн  салбарынхныг оролцуулсан дугуй ширээний уулзалт, бага хурал зохион байгуулдаг, 2000 оноос хойш үйлдвэрлэл, төдийгүй нийгмийн хариуцлагаар манлайлагч нарыг нэр хүндтэй нийгмийн зүтгэлтнүүдээс бүрдсэн комиссоор шалгаруулж “Нийгмийн хариуцлагатай Үйлдвэрлэгч” хэмээн алдаршуулж байгаа юм.

Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдрал, гадаадын хөрөнгө оруулалтын  болон бизнесийн эрх зүйн орчин, Монгол, Британийн  харилцаа,  олон талт хамтын ажиллагааны  50 жилийн түүхэн замналыг Британийн  болон англи хэлтэй бусад орны уншигчдад цогц байдлаар сурталчлан таниулахад 2013 оны эхээр хэвлэгдэх  FIRST сэтгүүлийн Монголын талаарх тусгай дугаар чухал үүрэг гүйцэтгэх болно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш