Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн энэхүү багц хуулийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр; Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганбат нар танилцуулав.
УИХ-аас 2012 онд баталсан Шүүхийн тухай багц хууль буюу Монгол Улсын Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Монгол Улсын Шүүхийн захиргааны тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Монгол Улсын Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиудын дагаж мөрдөх хугацааг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр болгож, холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулан, Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталснаар шүүхийн шинэтгэлийн амин чухал асуудлууд шийдвэрлэгдэх нөхцөл бүрдэх юм. Эдгээр нь шүүхийн бие даасан, нээлттэй, ил тод байдлыг хангах, шүүхийн захиргаа, төсвийг бие даалгах, шүүх, шүүгчийн ажлын ачааллыг зохистой болгох, шүүгчийн ур чадвар, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх асуудлууд бөгөөд ингэснээр шударга шүүхээр шийдвэрлүүлэх Үндсэн хуулийн зарчмыг илүү бодитой, түргэн шуурхай хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж хууль санаачлагч үзэж байгаа аж. Шүүхийн салбарын шинэчлэл, үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилтыг бүрэн хангах зорилгоор нийт 6 хуулийг гурав гурваар нь хэлэлцэн баталж буйтай холбоотойгоор тэдгээрийн хэрэгжих хугацааг наашлуулах нь хэр оновчтой болох, түүний бэлтгэл ажил хангагдсан эсэх, мөн шүүхийн бие даасан байдлыг хангахын тулд түүний төсвийг хэрхэн бие даалгаж, өргөн барьсан хуулийн төслүүдэд энэ асуудлыг ямар байдлаар тусгасан талаар гишүүд олон асуулт тавьж, өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм.
Хуулийн төсөл дээр ажиллаж буй ажлын хэсгийнхэн тайлбарлахдаа хууль хэрэгжих бэлтгэл ажлыг хангах зохион байгуулалтын ажил зохих ёсоор хийгдэж байгаа, шүүхийн эдийн засгийн хараат бус байдлыг хангахад зарцуулагдах хөрөнгө нь үйл ажиллагаагаа явуулахад хүрэлцэхүйц бөгөөд өмнөх жилийнхээс нь бууруулахгүйгээр УИХ-д шууд өргөн барихаар төсөлд заасан, мөн Шүүхийн ерөнхий зөвлөл тусдаа бие дааж байгаа нь шүүхийн бие даасан байдлыг шийдвэрлэх нэг том алхам мөн хэмээн ярьж байв.
Гишүүдийн тавьсан асуултанд шүүхийн бие даасан, шударга байдалд эргэлзэж буйгаа илэрхийлсэн асуулт зонхилж байсны дотор Ж.Энхбаяр гишүүн “төрд үйлчилдэг байсан хуучны улс төржсөн шүүхийн тогтолцооноос илүү иргэндээ үйлчилдэг, тэдний эрхийг хамгаалдаг шүүхийн тогтолцоонд шилжих...” талаарх заалтыг тодруулахыг хүссэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр үүнд хариулахдаа шүүх төрийн хууль бус шийдвэрийг ч хүчингүй болгож чаддаг, иргэнийхээ эрхийг ч хамгаалж чаддаг байх хэрэгтэй гэсэн утгаар бүх шатны шүүхээс тус бүр гурван хүн Шүүхийн ерөнхий зөвлөлд оруулж, ажлыг нь эргэн дүгнэдэг байх зарчмын ач холбогдолтой заалт орууулж өгснөө тайлбарлалаа. Мөн шүүх дотроо хараат бус байдлыг хангах, шүүгчийн болзол хангаад хүний хувь заяаг шийдэх боломжтой хэмээн томилсон хүнээ мэргэжлийн чиг удирдлагаар хангах, УДШ-ээс тайлбар гаргах зэрэг асуудал дээр зарчмын өөрчлөлт гарсан талаар ч энэ үеэр яригдсан юм.
Багц хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ “УИХ-ын сонгуулийн өмнө 3 том хууль гаргасан, одоо ахиад 3 хууль гаргахдаа гол нь шүүх шударга байхыг л ард түмэн хүсэн хүлээж байгаа”-г анхааруулсан бол Д.Лүндээжанцан, Д.Хаянхярваа нарын гишүүд хууль хэрэгжүүлэх хугацааг нааш нь татахыг ерөнхийдөө дэмжиж байгаа ч ингэх боломж бүрдсэн эсэх, эрхзүйн орчинг шинэчлэх хөрөнгө санхүүгийн асуудлаас гадна зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх боломж байгаа эсэхийг асууж байв.
Н.Энхболд гишүүний хувьд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулин дахь нотлох баримттай холбоотой заалт тунхгийн чанартай байгааг шүүмжлээд шүүх шударга ажиллаж байгаад үл итгэх байдал нийгэмд нэгэнт бодитой оршиж байгаа болохоор шүүхийн тогтолцоо, шүүх хэрхэн ажиллаж буй талаар тухайн салбарынхнаас өөрсдөөс нь асуун байр суурийг нь тодруулж, шүүх амьдрал дээр үнэхээр шударга байгаа эсэхэд зохих ёсоор анхаарах нь зүйтэй гэсэн саналтай байлаа.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Шүүхийн багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хурааснаар гишүүдийн 89,4 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.