logo
Зохиолч Х.Болор-Эрдэнэ уншигчиддаа шинэ оны бэлэг барьжээ

Зохиолч Х.Болор-Эрдэнэ уншигчиддаа шинэ оны бэлэг барьжээ

2013/01/04
МЗЭ шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ шинэ оны босгон дээр уншигчиддаа онцгой бэлэг бэлджээ. Онцгой хэмээхийн учир нь түүний сураг алдарсан номнууд номын худалдаанд дахин хүрч ирсэнтэй холбоотой. Зохиолч Х.Болор-Эрдэнэ өөрийн бичсэн бүх туужийг эмхэтгэсэн “Болор туужууд” нэртэй цоо шиэн номыг баринтаглажээ. Мөн уншигчдын дунд удтал эрэл сурал болсон “Би бид хоёр” сэтгэлгээний өгүүллэгүүдийн түүврийн гурав дахь хэвлэлтийг дахин худалдаанд гаргалаа. 
Түүнчлэн хэвлэгдсэн даруйдаа “Алтан-Өд” 2011 наадмын хүүхдэд зориулсан шилдэг бүтээлийн шагнал хүртэж, хүүхэд залуусын талархлыг хүлээсэн “Хишигт” дурсамжит тууж ч бас уншигчдын гар дээр дахин очиж байна.  2009 оны шилдэг бүтээлийн “Алтан-Өд” шагналт “Бид бид хоёр” түүвэртээ тэрээр “Нүцгэн шөнө”, “Зүрхэнд үйлдвэрлэв”, “Диваажингийн хоригдлууд” түүврүүдээ бүрэн эхээр нь багтаасан аж. “Үл таних эмэгтэй”, “Дурласан цас”, “Би эр хүнд хайртай”, “Охин минь битгий уйл”, “Ээждээ би хайртай”, “Хунгийн сүүлчийн дуу” зэрэг олон хит дууны зохиогч тэрээр өнгөрсөн жил “Нарны өнгө” уран сайхны киногоо дэлгэцэнд гаргаад амжсан юм. Хэвлэгдсэн даруйдаа хилийн чанад руу хүргэгдэж, эрэл сурал болдог эдгээр номнуудыг тэрээр уншигчиддаа шинэ оны бэлэг болгон задалж байгаа тухайгаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан бичжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш