Монголчуудын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан УБТЗ-ын үйлчилгээнд өөрчлөлт оржээ. Энэ талаар УБТЗ-ын зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудлын орлогч дарга О.Батчимэгээс тодрууллаа.
-Цагаан сарын баярыг тохиолдуулан УБ-Замын- Үүдийн чиглэлийн билет кассын үйлчилгээнд өөрчлөлт орсон гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Цагаан сарын баярыг угтан Хятад улс руу зорчих урсгал ихэсдэг. Хүйтний улиралд иргэд өглөө эрт билет кассанд дараалал үүсгэн, даарч хөрөх тохиолдол гардаг. Тиймээс зорчигчдын ачааллыг зохицуулахаар өнөөдрөөс билет кассын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, 06.00 цагаас 21
цаг хүртэл ажиллаж эхэлнэ. Кассын тасалбарын ажилчдыг гурван ээлжээр ажиллуулахаар өөрчлөлт оруулсан байгаа.
-Цагийн хуваарьт өөрчлөлт орсноор билетийг урьдчилан бичих хэвээрээ юу?
-Боломжоороо урьдчилсан билет худалдааг олгоно. Бүлэг хүмүүс байвал тухайн үед холбогдох дарга нараар шийдвэрлүүлж урьдчилсан худалдаагаар тасалбар олгоно.
-Нэмэлт галт тэрэг аялах уу?
-Нэмэлт галт тэрэг, вагонууд аялуулна. Маргаашаас нэмэлт 44 дүгээр галт тэргийг аялуулна. Уг галт тэрэг 20 цагаас хөдөлнө. Шаардлагатай үед тухайн галт тэргүүдэд нэмэлт вагон авч аялуулна. Өдөрт хоёр галт тэрэг аялж, зорчигчдын цаг хугацааг хэмнэх зорилгоор уг арга хэмжээг эхлүүлж байна. УБТЗ-ын даргын А01 тоот тушаалаар энэ онд техникийн ажил болгон зорчигч тээвэрлэлтэд хамгийн хөнгөн шуурхай чанартай үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөсөн нь энэ.
Эх сурвалж: www.ubtz.mn