logo
Энгийн албан хаагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлнэ

Энгийн албан хаагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлнэ

2013/01/09
БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Д.МӨНХ-ОЧИР

- Та ажлаа хүлээж аваад удаагүй байгаа ч анхны сэтгэгдлийг тань сонсмоор байна?
- Оны өмнөхөн энэ албан тушаалд томилогдсон. Манай газрын хамт олон мэргэшсэн, өөр, өөрсдийн хариуцсан ажилдаа эзэн болсон хүмүүс юм байна гэсэн анхны сэтгэгдэл төрсөн.

- Яамны бүтцэд тодорхой өөрчлөлт орсон байх. Ажлын ачааллын хувьд ямар байгаа вэ?
- Яамны орон тоо, зохион байгуулалтад өөрчлөлт орж, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс, Мэдээллийн технологи, олон нийттэй харилцах үйл ажиллагааг удирдлагаар хангах болсон нь багагүй ачаалал нэмэгдсэн гэсэн үг. Шинэчлэлийн Засгийн газар нийгмийн амьдралын бүхий л салбарт дорвитой өөрчлөлт хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тэрхүү зорилтуудыг Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлэхийн тулд шинэ онд цаг, нартай уралдаж ажиллах их үүрэг, хариуцлага оногдож байгаа гэдгийг хэлье.

- Батлан хамгаалах салбарын шинэчлэлийн бодлогыг хэрхэн явуулах вэ?
- Батлан хамгаалахын сайд, Төрийн нарийн бичгийн даргын үүрэг болгосны дагуу салбарын шинэчлэлийн бодлогыг харилцан уялдаатай хэрэгжүүлнэ. Ер нь манай газарт анхаарвал зохилтой хэд хэдэн асуудал байна. Тухайлбал, тус газар нь зөвхөн яамны хэмжээнд төлөвлөж, сэтгэж ажиллах биш, Батлан хамгаалах салбар хэмээх том айлын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, шуурхай ажиллах, офицер, ахлагч нарын алба хаах карьерын тогтолцоог илүү боловсронгуй болгох, ахлагчийн албаны нэр хүнд, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, энэ салбарт ажилладаг энгийн ажилтан албан хаагчдын хөдөлмөрийн үнэлэмж, байр суурийг өргөх зэрэг хийж хэрэгжүүлэх ажил их байна.

- Офицер, ахлагч нарын алба хаах карьерын тогтолцоог боловсронгуй болгоно гэдгээ тодруулна уу?
-Цэргийн сургууль төгсөж, анхны цолоо авснаас хойш хэдэн жилийн хугацаатай хаана, ямар албан тушаал дамжиж ажиллах, тухайн албан тушаалын шалгуур, үзүүлэлтүүд нь тодорхой байдаг, түүнд хүрэхийн тулд өөрийгөө боловсруулдаг, тэр нь аль болох удирдах албан тушаалтны үзэмжээс хамааралгүй байх зэрэг тогтолцоог бүрдүүлэх тухайд ярьж байгаа юм. Ахлагчийн албаны нэр хүнд, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлнэ гэж дээр дурдсан. Ахлагч нарыг мэргэжлийн Зэвсэгт хүчний тулгуур гол багана гэж ярьдаг. Тийм учраас ахлагч нарын эзэлж байгаа байр суурь, хөдөлмөрийн үнэлэмж нь аль ч талаараа офицеруудаас доогуур байх нь зохимжгүй юм. Энэ байдлаас гарах эрэлхийлэл хийнэ. Нөгөө нэг асуудал бол Батлан хамгаалах салбар дан ганц цэргийн хүмүүсээс бүрддэггүй шүү дээ. Батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа энгийн ажилтан албан хаагчдын хөдөлмөрийн үнэлэмж, байр суурийг бэхжүүлэх шаардлага тавигдаж байна.

- Тэгвэл яаж байр суурийг нь эзлүүлэх вэ?
- Иргэн, цэргийн харилцаа төлөвшсөн орнуудын туршлагаас харахад өндөр мэргэжлийн энгийн албан хаагчид ахлах офицер, дээд офицерын зиндааны хангамж эдэлж, тодорхой албан тушаал хашдаг. Ийм жишгийг тогтоохын тулд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллана гэх мэтээр бодож, төлөвлөсөн ажил их л байна.

“Соёмбо” сонин 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш