logo
Сагсан бөмбөгийн спортод  тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа

Сагсан бөмбөгийн спортод тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа

2013/01/09
Соёл спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл 2013 оны 1 дүгээр сар 8-ны өдөр ССАЖЯаман дээр Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашдорж, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга нарыг хүлээн авч уулзан сагсан бөмбөгийн спортод  тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа.
Үүнд сагсан бөмбөгийн спортын төрлөөр үндэсний дээд лиг болон супер лигийн тэмцээнүүд удахгүй болох ба эдгээрийг хэрхэн зохион байгуулах, шилдэг тамирчдыг сонгон шалгаруулах, шигшээ багийг хэдийд бүрдүүлэх тухай асуудлуудыг ярилцсан байна. Мөн эдгээр холбоодуудаас сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх талаар хийж байгаа ажил, үйл ажиллагааны талаар сонирхжээ.
Сайд Ц.Оюунгэрэл удахгүй Соёл спорт аялал жуулчлалын яамнаас санаачлан “Спортын төрийн бус байгууллагуудын тухай” хуулийг боловсруулан гаргахаар бэлтгэж байгаагаа танилцуулж, тэднээс энэхүү хуулинд оруулах саналыг сонслоо. Уулзалтын үр дүнд дараах чиглэлээр талууд харилцан ойлголцов. Үүнд:
Нэгдүгээрт: Эдгээр хоёр холбоод нь тус тусдаа лигийн тэмцээнүүдээ явуулахыг нь зөвшөөрч, лигийн аль аль тэмцээний нээлтийн ажиллагаанд сайд өөрийн биеэр оролцохоо мэдэгдэв.
Хоёрдугаарт: Лигийн тэмцээнүүдээс шалгарсан багуудын хооронд 2013 оны 5 дугаар сард ССАЖЯамнаас эрхлэн “Лигийн аваргуудын тэмцээн”-ийг сагсан бөмбөгийн төрлөөр тусгайлан явуулахаар болов.
Гуравдугаарт: Одоогийн хууль эрх зүйн хүрээнд сагсан бөмбөгийн хоёр холбоо ажиллаж, үйл ажиллагаагаа явуулах үндэстэй гэдгийг тэрээр мэдэгдсэн байна. Гэхдээ 2013 оны УИХ-ын хаврын чуулганаар ССАЖЯамнаас  санаачлан “Спортын төрийн бус байгууллагуудын тухай” хуулийн төслийг оруулан батлуулснаар цаашид нэг төрлийн спортын нэгээс дээш тооны холбоод хамтран  ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлж өгөхөөр тогтов.
Дөрөвдүгээрт: Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ багийг эдгээр лигийн тэмцээн, лигийн аваргуудын тэмцээний дараа хэрхэн бүрдүүлэхээ ССАЖЯам, Үндэсний олимпийн хороо, сагсан бөмбөгийн холбоодын төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг дээр тусгайлан хэлэлцэж шийдвэрлэхээр тус тус тохирсон байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш