logo
УИХ-ын даргад нэр бүхий 18 гишүүн шаардлага хүргүүллээ

УИХ-ын даргад нэр бүхий 18 гишүүн шаардлага хүргүүллээ

2013/01/11
УИХ-ын нэр бүхий 18 гишүүний гарын үсэг бүхий “Уул уурхайн хөгжил” түр хороог байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн, шийдвэрлүүлэхийг хүссэн шаардлагыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, Ж.Батсуурь, Д.Батцогт, Н.Батцэрэг, С.Бямбацогт, Г.Уянга, Ц.Даваасүрэн, А.Тлейхан, С.Ганбаатар, Ц.Дашдорж, Х.Болорчулуун нар өнөөдөр  /2013.01.10/ УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ.

2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дээрх гишүүд уул уурхайн чиглэлээр гарсан хууль, УИХ-ын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг судалж, санал дүгнэлт боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий “Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан, өргөн барьсан хэдийн боловч өнөөг хүртэл шийдвэрлээгүй аж.

Ашигт малтмалын хуулийг шинэчлэн өөрчлөх, уул уурхайн ашиглалтыг нэгдсэн бодлогоор зохицуулдаг байх, Тавантолгойн орд газрын гэрээ, үйл ажиллагааны явц байдал, хувьцаа гаргах, Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ордод хамааруулах, эдгээрийг хууль журмаар зохицуулах гэх мэтчилэн УИХ-аас анхаарал тавьбал зохих олон асуудал шийдлээ хүлээсэн хэвээр байгаа учир ийнхүү өнөөдөр уг шаардлагыг  хүргүүлж байгаа гэдгээ гишүүд УИХ-ын даргад мэдэгдлээ.

УИХ-ын дарга З.Энхболд шаардлагыг хүлээн авч УИХ-ын ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш