Үүний дараа УИХ-ын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай” УИХ-ын тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Су.Батболд асуултдаа, “ УИХ-ын даргын ажлын хэсэг хэдэн орон тоотой байгаа юм бол. Жишээ нь нийслэлийн дүүргүүдийн хурлыг хараад байхад тамгын газартайгаа өрсөлдөхүйц ажлын албатай болж байгаа. Иймэрхүү байдал газар авч байна. Энэ байдлыг Төрийн байгуулалтын байнгын хороо юу гэж үзэж байна вэ” гэдгийг тодруулав. УИХ-ын гишүүн А.Бакей, “ 2004 онд батлагдсан орон тоо 6 байна. Одоо 8 орон тоогоор батлах саналыг Байнгын хороонд УИХ-ын Тамгын газраас танилцуулсан. Үүгээр бол улс төрийн бодлогын зөвлөх, ажлын албаны ахлах 1 , хууль зүй, эдийн засаг, нийгмийн бодлогын зөвлөх тус тус 1 , улс төрийн бодлогын асуудал хариуцсан референт бөгөөд ажлын албаны ахлагчийн туслах1, хууль зүйн бодлогын асуудал хариуцсан референт 1, эдийн засгийн бодлогын асуудал хариуцсан референт 1, нийгмийн бодлогын асуудал хариуцсан референт 1 гээд нийт 8 орон тоо байна. Ер нь УИХ дээр хэлэлцэж байгаа асуудал өргөн цар хүрээтэй байдаг учраас даргын дэргэдэх Ажлын алба тодорохой чиглэлээр зөвлөх, референттэй байх нь зүйтэй гэж үзсэн . Энэ нь 2004 онд батлагдсан орон тоо хоёроор нэмэгдэж байгаа юм. “ гэсэн хариултыг өглөө. Гишүүдийн асуулт дууссаны дараа тогтоолын төслийг батлах саналаар санал хураалт явуулж 64,4 хувийн саналаар уг санал дэмжигдсэнээр тогтоолын төсөл батлагдлаа.