logo
Ерөнхий сайд сайхан бичигтнүүдэд шагнал гардууллаа

Ерөнхий сайд сайхан бичигтнүүдэд шагнал гардууллаа

2013/01/11

Монгол бичгээр хэвлэгддэг Монголын цор ганц хэвлэл “Хүмүүн бичиг”сониноос “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг 16 дахь жилдээ зохион байгуулж, өнөөдөр шилдэг оролцогчдод шагнал гардууллаа. “Монголын сайхан бичигтэн-2012” улсын уралдаан зургаан ангилалд бүтээл хүлээн авч, хэл бичгийн тэргүүлэх эрдэмтэд шүүн дүгнэжээ. Сурагчид, 11-р ангийн сурагчид, мэргэжлийн багш нар, насанд хүрэгчид гэсэн дөрвөн насны ангиллаар тус бүр гурван байр шалгаруулсан ба бүтээлийн болон уран бичлэгийн гэсэн ангилалд тус бүр хоёр хүнийг тодруулсан байна. Энэ жилийн тэргүүн байрын шагналтнуудад үнэмлэх өргөмжлөл олгоод өнгөрөх биш МУИС, МУБИС-д монгол хэл, уран зохиол судлалын чиглэлээр элсэн суралцах урилга гардууллаа. 

Хэл бичгийн уламжлалаа дээдлэн, улс түмэндээ үлгэр дуурайл үзүүлж буй үндэсний мэдлэг соёлтнуудад шагнал гардуулахдаа баяртай байгаагаа Ерөнхий сайд хэлээд нэгэн түүх сөхсөн юм. Тэрээр “Би 1981 онд МУИС-ийн багшаар дөнгөж ороод байхдаа Москвагийн их сургуулиас ирсэн орос багш нарыг дагуулан музей үзүүлсэн юм. Гэтэл монгол бичгээр бичсэн түүхэн үзмэрүүдийг уншиж өгч чадахгүй, таамаглан тайлбарлаж байж билээ. Тэр үед монгол бичигсургадаггүй, сурах шаардлага ч үгүй байлаа. Энэ явдлаас хойш үндэсний бичгээ ядаж бусдад тайлбарлаж суръя гэжсар орчим бие даан ноцолдож байж уншиж сурч билээ” гээд өнөөдөр дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт монгол бичгийн хичээл оруулж, бүх хүнд заадаг болсон нь том дэвшил хэмээн тодотголоо. Сурах нөхцөл боломжийг нь төр засгаас дэмжин бүрдүүлсэн өнөө цагт үндэсний соёлын цөм болсон үндэсний бичгээ хичээж сайн сурахыг залуу үеийнхэнд захилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш