Цаашдаа “Нийгэмшүүлэх төв” төрийн бус байгууллага нь энэ сургалтыг хөдөө орон нутагт болон Улаанбаатар хотын дүүргүүдэд явуулах зорилготойгоор ажиллаж байгаа юм байна.
2013 оны 1-р сарын 9-ны өдөр ХАХНХ-ын дэд сайд Э.Тамир “Архигүй Монгол, Архигүй Дэлгэрхангай” сургалтын үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтанд тус төвийн тэргүүн Ж.Цогтсугар, “Эрүүл идэвхтэй амьдрал клуб”-ын тэргүүн Д.Пүрэвсүрэн, сургалтын менежер А.Батсайхан нар болон Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын төлөөллүүд байлаа.
“Нийгэмшүүлэх төв” нь таван сургагч багштай, нэг сэтгэлзүйч, нийгмийн ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Сургалтыг лекц, хөгжөөнт тоглоом, ярилцлага хэлбэрээр явуулдаг. Мөн долоо хоног бүрийн бямба гарагт өмнө нь архинд донтох өвчнөөр өвчилж байгаад архинаас гарч эрүүл сайхан амьдарч байгаа үлгэр жишээ хүмүүсийг урин оролцуулж, залуустай уулзуулан ярилцлага хичээл заалгадаг байна.
Архины эсрэг энэ удаагийн сургалтанд 5-15 жил архи ууж, архинд донтох өвчнөөр өвчилсөн 32 хүн хамрагдсан байлаа. Нийгэмд асар их хор хөнөөл дагуулж байгаа архидалттай тэмцэхийн тулд хүн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй байгааг ХАХНХ-ын дэд сайд Э.Тамир хэллээ. Тэр ч утгаараа төр, төрийн бус байгууллагын энэхүү үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Сургалтанд хамрагдаж архинд донтох өвчнөөсөө бие болоод сэтгэл санааны хувьд ангижирч чадсан залуучуудад ХАХНХ-ын дэд сайд Э.Тамир уулзалтын үеэр хандан хэлэхдээ ХАХНХЯ нь хүн амын хөгжлийн асуудлыг онцгойлон анхаарч бодлого хөтөлбөрөө чиглүүлэн ажиллаж байгаа. Монгол улс бүтээн байгуулалтын эрчимтэй, хөгжлийн гараан дээрээ байна. Гэтэл архидалт газар авч, архинд донтсон хүмүүсийн ихэнх нь ид хөдөлмөрлөх насны залуучууд байгаа нь нийгмийн тулгамдсан асуудлыг нэг. Тэгвэл өнөөдөр архинд донтох өвчнөөсөө ангижрахаар сургалтанд хамрагдаж хичээл зүтгэл гарган, үр дүнд хүрсэн залуучууд та бүхэнд талархаж байна. Энэ сургалтын хамрах хүрээ өргөжихийн хэрээр архинаас хүмүүс татгалзаж ажилтай орлоготой, мэргэжилтэй залуус олон болж нийгмийн баялагийг бүтээж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Архидалтаас үүдэлтэйгээр ядуурал, гэр бүл салалт зэрэг сөрөг үзэгдлүүд нийгэмд бий болж байна. Тэгвэл архины эсрэг тэмцэж энэ төрлийн үйл ажиллагааг ядуулдаг төрийн байгууллагууд олон болох хэрэгтэй, тэдгээрийг төр дэмжиж, хамтран ажиллана гэдгээ ХАХНХ-ын дэд сайд Э.Тамир хэлсэн байна.