logo
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа

2013/01/12

"Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль"-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Д.Сарангэрэл, Г.Уянга, Л.Энх-Амгалан нар өнөөдөр /2013.01.11/ УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Монгол Улсын  Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “УИХ-ын чуулганы болон байнгын хорооны гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхий саналаар асуудлыг шийдвэрлэнэ.”гэж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд “ Хуралдаанд тус бүрийнх нь бүрэлдэхүүнд хамрагддаг нийт гишүүний олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж, “ирцийг ээлжит, ээлжит бус, онцгой чуулганы нээлт, хуралдаан эхлэхэд болон санал хураахад заавал бүрдүүлсэн байвал зохино” гэж тус тус заасан байдаг.

Гэвч УИХ-ын үйл ажиллагаанд хуульд заасан ирцийг бүрдүүлэхгүй, хуралдаан зохион байгуулах, санал хураалт явуулах, бусдын өмнөөс санал өгөх тохиолдол гарсаар байна.

Иймд УИХ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгож, гишүүний сонгогчийн өмнө хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх нөхцлийг бүрдүүлэх үүднээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулж, хуралдаанд ирц бүрдүүлэх, санал хураалт явуулахад биеийн давхцахгүй өгөгдөл / гарын хурууны хээ/ -ийн төхөөрөмж ашиглах эрх зүйн орчинг бүрдүүлэх үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш