УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ц.Дашдорж, М.Энхболд, С.Дэмбэрэл, Д.Батцогт нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулснаа өнөөдөр /2013.01.11/ УИХ-ын даргад З.Энхболдод өргөн барилаа.
2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байнгын хороонд харьяалагдах гишүүдийн тоог 15-21 байхаар тусгажээ.
Энэхүү хуулийн төсөл нь УИХ-ын үйл ажиллагааны дотоод зохион байгуулалттай холбоотой асуудал учраас Засгийн газраас санал авах шаардлагагүй хэмээн гишүүд үзжээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.