Төрийн ордон дахь Төрийн түүхийн музейд Үндсэн хууль батлагдсаны 21 жилийн ойд зориулсан үзэсгэлэн өнөөдөр үүдээ нээлээ. Үзэсгэлэнг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн юм. Тэрбээр, “Эдүгээ хүртэл монгол нутагт байгуулагдаж ирсэн төр улсууд нь хууль дүрэм, эмх журмыг дээдлэн хүндэтгэж, олон тооны хууль бичгийг боловсруулан мөрдөж ирсэн байдаг. Жишээлбэл, Хүннү улс даяар хоригдол хүмүүн үгүй бөгөөд аливаа гэмтэнд тохирох ял цээрийг шуурхай оноон шийдвэрлэдэг байсан ажээ.
Хожмын монголчууд Их Засаг, Халх журам зэрэг одоогийн бидний хууль бичгийн түүхийн томоохон өв дурсгалыг боловсруулж, тууштай даган мөрдөж байсны зэрэгцээ хааны зарлиг шийдвэр бүхэлдээ хууль хэмээн тооцогдож нийт улсын хэмжээнд алдралгүй үйлчилдэг байлаа.
Монголчууд 1924 онд хаант засгаас бүгд найрамдах засагт шилжиж, тухайн үеийн дэлхий нийтийн дэвшилтэд чиг хандлагыг дагаж Анхдугаар Үндсэн хуулийг боловсруулан баталжээ. Түүнээс өмнөхөн буюу 1915 онд Богд хааны зарлигаар боловсруулан 1918 оноос даган мөрдөж эхэлсэн “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг” бол Манжаас тусгаарласан монгол төрийн хууль эрх зүйн ерөнхий үндэс болохын зэрэгцээ ХХ зууны монголын хууль бичгийн түүхэнд Үндсэн хуулийн хэмжээнд үнэлэгдэх томоохон хууль юм.
Нийгмийн шаардлага, социалист үзэл суртал, төлөвлөгөөт зорилтыг харгалзан БНМАУ-ын Хоёрдугаар Үндсэн хуулийг 1940 онд, Гуравдугаар Үндсэн хуулийг 1960 онд тус тус батлан гаргасан юм.
1980-аад оны сүүлээс дэлхий нийтэд өрнөсөн ардчилсан өөрчлөлт шинэчлэлийн нөлөөгөөр монголд тайван замаар амжилттай өрнөсөн төрийн дэглэм шилжих процессын үр дүнд шинээр тогтсон ардчилсан дэглэмийг эрх зүйн хэмжээнд цогцлоон босгох эцсийн баталгаа нь ардчилсан шинэ Үндсэн хууль боловсруулах байлаа.
Тэрхүү түүхэн томоохон үйл хэргийг тухайн үеийн монголын улс төр, хууль, нийгмийн зүтгэлтнүүд эрдэм ухаан, билэг оюуныхаа хүчээр хамтран гүйцэтгэж нийт ард олныхоо санал санаачлагыг өргөнөөр тусган батлуулсан түүхэн өдрийн ойг бид эдүгээ дурсан тэмдэглэж байгаа билээ” хэмээн хэллээ.
Өнгөрсөн жил Ардчилсан Үндсэн хууль 20 жил-гэрэл зураг баримтын үзэсгэлэнг төрийн түүхийн музейд Ардын Их Хурал, Улсын Бага Хурлын нийт гишүүд, төрийн өндөр дээд албан тушаалтнуудад зориулан гаргаж байсан бол энэ жил Үндсэн хуулийнхаа ойгоор олон нийтэд нээлттэй болоод удаагүй байгаа Төрийн ордондоо шинэчлэн гаргаж байгаа юм.
Үндсэн хуулийг боловсруулах ажлыг тухайн үеийн Улсын Бага Хурал хариуцан гүйцэтгэсэн бол Ардын Их Хурлын 430 гаруй депутат аливаа асуудлыг жижиг гэлтгүй нарийвчлан хэлэлцэж үнэхээр юу ч үлдээлгүй шүүн тунгаасны эцэст соёрхон баталсан байдаг.
Үзэсгэлэнд тухайн үеийн Үндсэн хуулийг боловсруулах комисст эрдэмтэн мэргэд, олон нийтээс ирүүлсэн санал зөвлөгөө, Ардын Их Хурал, Улсын Бага Хурлын хуралдааны тэмдэглэл зэрэг нь эдүгээ Үндсэн хуулийг сурталчлах, түүхийг нь судлан тогтооход шууд эх сурвалж болох тул архив, музейн сан хөмрөгөөс тэдгээр үнэ цэнэтэй баримт материалуудыг дэлгэн тавьжээ.
Үндсэн хуулийг баталсан АИХ-ын депутатууд Үндсэн хуулиа батлалцаад Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай авахуулсан түүхэн гэрэл зургууд ч тавигдсан байна.
Ардчилсан Үндсэн хуулийг боловсруулан батлахтай холбогдох тогтоол шийдвэрүүд, АИХ-ын депутатуудын хуралдаанд ашигласан гар бичмэл, дурсамж тэмдэглэл, Үндсэн хуулийг боловсруулан батлахтай холбоотой сонирхолтой үзмэрүүд бүхий үзэсгэлэнг үнэ төлбөргүй бүтэн сарын турш нээлттэй байх юм.