logo
Нийтийн тээвэр, автомашины хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар нийслэлийн иргэд “11 11 төв”-д бухимдлаа илэрхийлжээ

Нийтийн тээвэр, автомашины хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар нийслэлийн иргэд “11 11 төв”-д бухимдлаа илэрхийлжээ

2013/01/12

Шинэчлэлийн Засгийн газрын бодлого шийдвэрт иргэний дуу хоолойг байнга хүргэдэг “11 11төв”-дөнгөрч буй долоо хоногт 1942 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирлээ. Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ цагаан сарын бэлгэнд сонгох тухай Ерөнхий сайдын уриалгыг дэмжиж байгаагаа иргэд олонтаа илэрхийлснээс гадна Засгийн газраас гаргасан бондын талаар мэдээлэл хэрэгтэй байгааг “11 11 төв”-өөр дамжуулан Ерөнхий сайдад уламжилсан байна. 

Буруу талдаа хүрдтэй автомашиныг зарим өдөр хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн санал асуулгыг шүүмжилж, автобусны билетийн үнэ 600 төгрөг болох талаарх асуудалд бухимдаж, нийтийн тээврийн “Сутайн буянт” компани Найрамдал-Саппорогийн чиглэлийн үйлчилгээнд тасалбарынхаа үнийг 900 төгрөг болгосныг эсэргүүцэж, гэр хорооллыг орон сууцжуулах ажлаа нэн даруй шийдвэрлэн хэрэгжүүлэхийг хүлээж байгаагаа иргэд тус төвөөр дамжуулан нийслэлийн удирдлагуудад дуулгажээ. 

Зарим сургуулийн оюутнуудын виза картыг Монголын оюутны холбоо одоо хүртэл гаргаж өгөөгүй, Монголын цахилгаан холбоо компани интернэтийн төлбөрөө буурууллаа хэмээн сурталчилсан ч бодитоор хэрэгжүүлээгүй, хурд нь ч хэвээрээ байгаа, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгонд 20 гаруй хүүхэд шар өвчнөөр өвчилсөн зэрэг мэдээллийг салбар хариуцсан байгууллагад иргэд хүргүүллээ. Мөн иргэдэд төрийн анхан шатны үйлчилгээ хүргэдэг хорооны нийгмийн ажилтан, өрхийн эмнэлгийн эмч сувилагч, замын цагдаа зэрэг албан хаагчдын мэдлэг боловсрол, ажлын хариуцлага, ёс суртахуунд анхаарах шаардлагатайг олон иргэн сануулжээ. 

Насанд хүрч, асрамжийн газраас гарсанөнчин хүүхдүүдэд улсаас үзүүлдэг тусламжийн талаар лавласан нь энэ долоо хоногийн шинэлэг асуулт байлаа. 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэнд гэр авахад нь дэмжлэг үзүүлэхээр жилд 1 удаа 1,2 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж олгодог байна. Ихэр болон шинээр төрсөн хүүхдүүд, хүүхдээ харж байгаа ажилгүй эхчүүдийн тэтгэмжийг хэзээнээс олгохыг лавласан иргэдэд оны эхэнд Төрийн сан түр хугацаагаар хаалттай байдаг учраас санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй байна хэмээн Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас тайлбар хүргэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш