Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Салман Куршидын урилгаар 2013 оны 1 дүгээр сарын 15-17-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь Гадаад харилцааны сайд АОХН-ийн хүрээнд Дели хотноо БНЭУ-тай хамтран зохион байгуулж буй Ардчиллын боловсролын асуудлаарх Азийн бүсийн бага хуралд оролцож байгаагаараа онцлог юм.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг “Иж бүрэн түншлэл”-ийн зарчмаар хөгжүүлэх хүрээнд Монгол, Энэтхэгийн улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр тус тус санал солилцож, Ази, Номхон далайн бүс нутгийн интеграцчлалд нэгдэх зорилтод БНЭУ-ын дэмжлэгийг авахад энэхүү айлчлалын зорилго оршино.
Энэхүү зорилтын хүрээнд Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг танилцуулж, худалдаа эдийн засаг, мэдээллийн технологи, боловсрол, шинжлэх ухаан, хүнд аж үйлдвэр, банк, санхүүгийн салбарт хамтран ажиллах, Засгийн газраас хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд энэтхэгийн хөрөнгө оруулалтыг татаж, тэргүүний технологийг нэвтрүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар энэтхэгийн талтай санал солилцож, тодорхой асуудлуудаар тохиролцоход чиглэж байна.
Мөн Мумбай хотноо энэтхэгийн бизнесийн төлөөлөгчидтэй уулзаж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, олон улсын хөрөнгийн зах зээлд хамтран ажиллах боломжийн талаар танилцуулга хийх юм.