Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 21 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй сонирхогчдын шатрын нийслэлийн аварга шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээн өнөөдөр /2013.01.12/ Төрийн ордонд эхэллээ. Орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдаж буй аймаг, нийслэлийн аварга шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээнийг нээж УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ “Үүсч хөгжөөд 2000 гаруй жил болж байгаа оюуны спортын нэгэн төрөл бол шатар юм. Монголын ард түмэн шатрыг эрт үеэс тоглон наадаж, өөрсдийн амьдралын онцлог хэв шинж, өв соёлдоо шингээн хадгалж, хөгжүүлэн дэлгэрүүлж ирсэн түүхтэй. Монгол төр манай соёл, спортын өвүүдийн нэг болсон шатрын спортыг ард иргэддээ түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх бодлого баримталж байна. Тийм ч учраас энэ жилээс эхлэн ардчилсан Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан жил бүр сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг орон даяар зохион байгуулж байхаар боллоо” гэв.
УИХ-ын дарга анхдугаар тэмцээнийг нээж үг хэлэв.
Сонирхогчдын шатрын аварга шалгаруулах энэхүү тэмцээнийг УИХ-ын даргын ивээл дор жил бүр уламжлал болгож зохион байгуулах юм.
УИХ-ын дарга, Монголын шатрын холбооны тэргүүн нар анхны өргийг нүүлээ.
Тэмцээнд оролцож буй 93 настай ахмад шатарчин Г.Бүжинлхам гуай УИХ-ын даргын хамт.
Соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэн-Өлзийн гуайн урласан шатар олны анхаарлыг ихэд татав.
УИХ-ын Тамгын газраас З.Түмэн-Өлзий гуайд батламж гардуулав.
Нийслэлийн анхдугаар тэмцээнд 132 шатарчин оролцож байна.
Сонирхогчдын шатрын нийслэлийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээний эхний нүүдлийг УИХ-ын дарга З.Энхболд, Монголын шатрын холбооны тэргүүн Ш.Занданшатар нар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэн-Өлзий гуайн алт, мөнгөөр шарж, 18 төрлийн 1022 үнэт чулуу шигтгэж урласан шатраар хийж, тэмцээнийг эхлүүлсэн юм. Энэхүү үнэт, ховор шатар урлаж, анхны тэмцээний эхний өргийг эхлүүлж буйд билэгшээж УИХ-ын Тамгын газраас З.Түмэн-Өлзий гуайд батламж гардууллаа.
Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 132 сонирхогч оролцож байгаагаас тав нь эмэгтэй, 127 нь эрэгтэй юм. Тэмцээнд УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, С.Дэмбэрэл нараас гадна АИХ-ын депутат 5 хүн оролцож байна. Мөн төрийн байгууллагын ажилтнуудаас 32 хүн оролцож байгаа юм. Сонирхогчдын анхны тэмцээнд оролцогсдын хамгийн өндөр настай нь 93 настай Г.Бүжинлхам, 92 настай Ц.Лоохууз байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийтттэй харилцах хэлтсээс мэдээлэв.