logo
Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатрын тэмцээний шилдгүүд тодорлоо

Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатрын тэмцээний шилдгүүд тодорлоо

2013/01/14
Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 21 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй сонирхогчдын шатрын нийслэлийн аварга шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээн өнөөдөр Төрийн ордонд амжилттай өндөрлөж, шилдгүүдээ тодрууллаа. Нийслэлийн аварга шалгаруулах анхны тэмцээнд нийт 132 сонирхогч оролцсоноос тав нь эмэгтэй, 127 нь эрэгтэй шатарчид байв. Тэмцээнд УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, С.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн асан, Монголын шатрын холбооны тэргүүн Г.Занданшатар нараас гадна ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат таван хүн оролцсон юм. Мөн УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндсэн хуулийн цэц зэрэг төрийн байгууллагын ажилтнуудаас 32 хүн оролцлоо. Сонирхогчдын анхны тэмцээнд оролцогсдын хамгийн өндөр настай нь 93 настай Г.Бүжинлхам, 92 настай Ц.Лоохууз  гуай нар байв.

Тэмцээнийг Дэлхийн шатрын холбоо болон Монголын шатрын холбооны дүрмээр швейцарь системээр зохион байгуулж явуулсан юм.

 

УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулсан анхны тэмцээний шилдэг эмэгтэй шатарчнаар “Хөхморь” клубын тамирчин Ж.Даваасүрэн 6 хожлоор, ахмад эрэгтэй шатарчнаар “Аврагч” спорт хорооны тамирчин 61 настай Б.Дүүрэнбаяр 6.5 хожлоор, “Оюунлаг түшээ”-гээр УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар 4.5 хожлоор тус тус шалгарч тусгай шагнал хүртлээ.

   Тэмцээний 4-6 дугаар байрыг Сонгинохайрхан дүүргийн Б.Жавхлан, “Алтангадас” ХХК-ийн Д.Индэрьяабүд, “Цэцэн нүүдэл” клубын Х.Эрдэнэдорж нар эзэлсэн бол Багануур дүүргийн шатарчин Ц.Давааням 7.5 хожлоор гуравдугаар байрт, “Дисковери“ ХХК-ийн тамирчин Б.Мөнхбаяр 8 хожлоор хоёрдугаар байрт шалгарав. Харин Монголын шатрын холбооны шатарчин Г.Саран-Эрдэнэ 8 хожлоор анхны тэмцээний аваргаар шалгарч медаль, өргөмжлөл, нэг сая төгрөгийн бай хүртлээ.

  Тэмцээний шилдгүүдийн шагналыг УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очир, Т.Очирхүү, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар нар гардуулж баяр хүргэлээ.           

  Энэхүү тэмцээнд түрүүлсэн тамирчин медаль, өргөмжлөл, нэг сая төгрөг, 2-6 дугаар байр эзэлсэн тамирчид медаль, өргөмжлөл, 800 мянгаас 100 мянган төгрөгийн шагнал, шилдэг эмэгтэй, ахмад тамирчин болон “Оюунлаг түшээ” нарт өргөмжлөл, тус бүр 100 мянган төгрөгийн тусгай шагнал олгосон юм.

 Орон даяар анх удаа зохиогдсон шатрын энэхүү тэмцээнд нийтдээ 1200 орчим шатарчид оролцож оюунаа сорьсон байна.

 Сонирхогчдын аварга шалгаруулах шатрын энэхүү нээлттэй тэмцээнийг УИХ-ын даргын ивээл дор орон даяар уламжлал болгон зохион байгуулж байх юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш