logo
УИХ-ын дарга Үндсэн хуулийн эхийг баригчид хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын дарга Үндсэн хуулийн эхийг баригчид хүндэтгэл үзүүллээ

2013/01/14
Улсын Их Хурлын дарга З.Энхболд ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны 21 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан  Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч, шинэ Үндсэн хуулийн эхийг баригч Бяраагийн Чимэдэд өнөөдөр /2013.01.13/ хүндэтгэл үзүүлэн уулзаж ярилцлаа.

  Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг боловсруулах, улмаар батлалцах, түүнийг хэрэгжүүлэх эрхэм үйлсэд хичээнгүйлэн зүтгэж, улс орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ эрх, эрх чөлөөт байдлыг баталгаажуулах, хууль шударга ёсны нийтлэг зарчмыг бэхжүүлэх үйл хэрэгт гавьяат хуульч Б.Чимэдийн оруулсан хувь нэмрийг Монголын төр, засаг өндрөөр үнэлдэг. 1992 онд батлагдсан шинэ ардчилсан Үндсэн хуулийг өөрчлөх асуудал их яригддаг боловч өөр бусад хуулийн нэмэлт өөрчлөлтүүдээр зохицуулсаар ирсэн нь энэ хуулийн баталгаат  байдал, эцэг хуулийнхаа үүргийг гүйцэтгэсээр ирснийг илтгэж байгааг УИХ-ын дарга З.Энхболд энэ үеэр онцлон дурдаад, түүнд эрүүл энх, урт удаан  наслахыг хүсэн ерөөлөө.

   Шинэ Үндсэн хуулийг батлах үед Улсын Бага Хурлын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Р.Гончигдорж УИХ-ын даргатай хамт байлцлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш