Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 01 дүгээр сарын 12-нд болж 20 гаруй асуудал хэлэлцэн Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, Үлэг гүрвэлийн төв музей байгуулах, Үндэсний бахархалт шувуу идлэг шонхрыг гадаадад гаргахыг хориглосон шийдвэр гаргалаа. Мөн Улсын сайн малчин, тэргүүний тариаланчдыг шалгаруулж, өвөлжилт хүндэрсэн аймгуудад шаардлагатай хөрөнгө гаргахаар боллоо.
- Улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах өвс, тэжээлийн тоо хэмжээ, тээврийн зардалд 444 сая 225 мянган төгрөг, өвөлжилт хүндэрсэн орон нутгийн малчин иргэдэд эмнэлгийн тусламж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх үүднээс зарим аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, Цагдаагийн газар, хүн эмнэлэгт олгох УАЗ-31512 автомашин 16-г авахад шаардагдах 344 сая төгрөг нийт 788 сая 250 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
- “Багануур” ХК-ийн үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг хангах, төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад 2012-2013 онд өвлийн их ачааллын нүүрсний нөөц бүрдүүлэх шаардлагатай техник, тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах 18 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгийг Хөгжлийн банкны эх үүсвэрээс зохих журмын дагуу олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайдад даалгалаа.
- Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжиж, тус хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Болдбаатарт олголоо.
- Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг тус улсад суугаа Элчин сайд А.Ганбаатарт олголоо.
- УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн саналыг төсөл санаачлагчдад уламжлахаар тогтлоо.
- Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ч.Чулуунбаатар, Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.