Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Бямба гаригт СХД-ийн 10-р хорооны иргэдтэй 76-р дунд сургууль дээр уулзлаа. СХД-ийн 10-р хороо нь 312 га бүхий нутаг, дэвсгэртэй 1916 өрхтэй, 9581 хүн амтай, ерөнхий боловсролын 2 сургууль, хоёр цэцэрлэгтэй 34 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг гэр хороолол аж. Тус хорооны нутаг дэвсгэрт Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн 120 айлын орон сууц 1980 онд баригдаж ашиглалтад оржээ. Одоо энд 120 өрхийн 740 иргэн 2,3 га газарт амьдардаг байна. Мөн гурван га газарт 84 өрх амьдрах нийтийн орон сууц байдаг аж. Эдгээрээс гадна 60 айлын, 14 айлын зориулалтаар баригдсан нийтийн орон сууцнууд байдаг бөгөөд эдгээр орон сууцанд амьдардаг иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх, орон сууцны нөхцлөө сайжруулах хүсэлтээ гаргажээ.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Бага ангийн сурагчдыг одоо амрааж байгаа нь зөв үү” гэдэг асуултаар уулзалтын салхийг хагалсан юм. Энэ асуултад иргэд нэг дуугаар “зөв шийдвэр” гэсэн хариулт өгөв. Тэрбээр бага ангийн сурагчид амарснаар ахлах ангийн сурагчдын дунд дугуйлан хичээллэх боломж гарлаа гэж сургуулийн захирал хэлж байна. Бага ангийн сурагчид амарч байгаа энэ үед нийслэлийн Боловсролын газраар ахлах сургуулийн багтаамжийн талаар судалгаа хийлгэнэ. Гэр хорооллыг дахин төлөвлөх гээд байгаа нь бага сургууль, цэцэрлэг, цаашлаад ажлын байр тэнд бий болгох зорилготой. Бага сургуулийн сурагчид гэртээ ойрхон сургуультай байвал хичнээн амар байх вэ хэмээн хэллээ.
Нийтийн орон сууцанд амьдарч байгаа иргэдийн хүсэлтэнд түшиглэн тухайн бүс нутагт урьдчилсан байдлаар загвар төлөвлөлт хийснийг Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ш.Нацагдорж танилцууллаа. СХД-ийн 10-р хорооны газарт хувьчлагдаагүй гурван хэсэгт дахин төлөвлөлт хийхдээ хоёр хэсэгт нь дөрвөн давхар 11 тооны 300 айлын орон сууц, дулааны станц, цэвэрлэх болон ногоон байгууламж бүхий цогцолбор, 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг,зам талбай бүхий хотхон болгох боломжтой гэв. Мөн тэнд байгаа 60 айлын нийтийн орон сууцны газар чөлөөлөгдөж худалдаа үйлчилгээний төв болгох боломж байгааг танилцууллаа. Гэр хорооллыг дахин төлөвлөж, тохилог орон сууц болгоход оршин суугчид төлөөллийн байгууллагаа байгуулж, хүсэлт гаргах учиртай. Иргэдийн гаргасан хүсэлтээр гэр хорооллыг дахин төлөвлөх ажил эхэлнэ. Харин нийслэлийн удирдлага хөрөнгө оруулагчдад тохилог амины орон сууц бүхий хороолол болгох санал тавина. Иргэдийн гаргасан хүсэлт нийслэлийн оролцоотойгоор хөрөнгө оруулагч тодорно. Ингэснээр иргэн таны эзэмшлийн газарт, хөрөнгө оруулагч хөрөнгөөрөө орон сууц барьж ашиглалтад оруулах үүрэг хүлээнэ. Харин нийслэл тухайн бүсэд баригдах цэцэрлэг, сургууль, дэд бүтцийн хөрөнгийг татаас хэлбэрээр олгоно. Ийм гэрээ байгуулагдсан нөхцөлд эзэн Та газраа чөлөөлнө. Хөрөнгө оруулагч орон сууцыг өөрийнхөө хөрөнгөөр барина. Мөн газар чөлөөлсөн иргэдийн түр байрлах зардлыг хөрөнгө оруулагч шууд хариуцна гэж Засаг дарга онцоллоо. Хөрөнгө оруулагч ашиг олох үүднээс төлөвлөлтөө маш сайн хийж илүү гарсан орон зайд та бүхний орон сууцанд зарцуулсан хөрөнгөө нөхөж авна. Гэр хорооллыг орон сууцжуулах олон янзын хувилбар байж болно. Тэр бүхнээс газрын эзэд мөн хөрөнгө оруулагчдад ашигтай байх хамгийн боломжтой хувилбарыг та бид хамтдаа бодож боловсруулна гэдгийг ч дуулгалаа. Мөн Баянхошууг шинээр төлөвлөн орон сууцны хороолол болгоход бид Азийн хөгжлийн банктай хамтран ажиллахаар болж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Хотын захиргааны байрыг Баянхошуунд нүүлгэх саналыг би Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал болон, НИТХ-аар хэлэлцүүлнэ. Хэрвээ зөвшөөрвөл хотын захиргаа Баянхошууруу нүүж, Баянхошуу хотын төв болох боломжтой юм гэв. Тухайн хорооны иргэд уулзалтын турш бидний амьдрах орчинг сайжруулж,орчин үеийн тохилог орон сууцны хороолол болгох ажилд бид хүч нэгтэйгээр зүтгэнэ гэдгээ илэрхийлж байлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.