logo
Нийслэлчүүд хотын төвдөө цанын зам, мөсөн гулгуурын талбайд үнэгүй гулгах боломжтой боллоо

Нийслэлчүүд хотын төвдөө цанын зам, мөсөн гулгуурын талбайд үнэгүй гулгах боломжтой боллоо

2013/01/14
Сарын өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж өвлийн улиралд иргэд цэвэр агаарт спортоор хичээллэх, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх олон төрлийн боломжийг бүрдүүлж цанын зам, мөсөн гулгуурын талбай байгуулах ажлыг Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон тус хүрээлэнгийнхэнд даалгасан юм. Тэгвэл Ерөнхий сайд энэхүү ажилтай танилцахаар өнгөрсөн амралтын өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очлоо. 

Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу тус хүрээлэнд дасгал чийрэгжүүлэлтийн талбай, 2.5 км гүйлтийн цанын зам болон 40x40 хэмжээтэй мөсөн гулгуурын задгай талбай байгуулжээ. 

Богино хугацаанд хийж гүйцэтгэн нээлтээ хийж буй цанын зам, мөсөн гулгуурын талбайд иргэд ямар ч үнэ төлбөр төлөхгүйгээр гулгах боломжтойг Ерөнхий сайд онцоллоо. Түүнчлэн, хүүхэд залуусаа өвлийн спортын төрлүүдээр идэвхтэй хичээллүүлэхийн тулд нийслэл хотод ийм талбай олныг нэмж байгуулах хэрэгтэйг Засгийн газрын тэргүүн хэлээд өвлийн олимпийн аваргууд эндээс төрнө гэдэгт итгэж байна гэсэн юм. 

Мөн энэ үеэр 2014 оны параолимпийн эрхийн төлөө тэмцээнүүдэд оролцож буй Б.Ганзориг тэргүүтэй өвлийн спортын тамирчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан талбайд бэлтгэл хийхээр ирсэн байв. 

Цаашид энд халуун цай, ундаагаар үйлчлэх дулаан цэг бий болгох, цанын түрээсийн үйлчилгээ нэвтрүүлэх зэргээр иргэдэд илүү ая тухтай орчин бүрдүүлэхийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүрээлэнгийн удирдлагуудад даалгалаа. 

Засгийн газрын тэргүүн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл нарын хамт цанын зам, мөсөн гулгуурын талбайд гулгаж, нийслэлчүүдийг эрүүл агаарт спортоор хичээллэхийг уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш