logo
Н.Энхбаяр өлсгөлөн зарласан ээжүүдэд захидал илгээжээ

Н.Энхбаяр өлсгөлөн зарласан ээжүүдэд захидал илгээжээ

2013/01/14
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг улс төрийн хэлмэгдүүлэлтээр хорьж байгаа гэж үзэн эсэргүүцсэн эмэгтэйчүүд МАХН-ын байранд өлсгөлөн зарлаад хэсэг хугацаа өнгөрсөн . Тус ээжүүдэд хандан МАХН-ын дарга Н.Энхбаяр Зайсан дахь хорих 401 дүгээр ангиас ил захидал бичжээ. Ил захидлыг бүрэн эхээр нь нийтлэв.

 Ариун цагаан сүү агуу их халуун бүлээн хайраар тэтгэн тэжээж хүнд амь амьдрал хайрладаг эхчүүд эмэгтэйчүүд маань хэл­мэг­дэлтийг эсэргүүцэж, миний эрүүл мэнд, эрх чөлөөнд санаа зовниж, өөрсдийн амь нас эрүүл мэндээр дэнчин тавьж, өлсгөлөн зарласныг сон­соод сэтгэл нэн түгшиж энэхүү ил захидлыг бичиж байна. Юуны түрүүнд та бүхнээсээ өлсгөлөнгөө зогсоохыг үгүйдээ гэхэд хойшлуулахыг үнэн сэтгэ­лээсээ хүсч, учирлан гуйж байгааг минь хүлээн авна уу.

 Та бүхэн маань өнөө­дөр Монголд ус агаар мэт үгүйлэгдэж байгаа шу­дарга ёс ардчиллыг сэр­гээн тогтоохын тулд амь нас эрүүл мэндээ золиос­лон энэхүү хүнд хэцүү тэмцлийн арга замыг өөрийн эрхгүй сонгосныг ухаан санаа минь ойлгож байгаа боловч зүрх сэтгэл минь хүлээн авч чадахгүй байна. Та бүхний маань шударга тэмцэл өнөөгийн Монголын нийгэмд хөл толгой нь солигдчихсон байгааг бэлхнээ харуулж байна гэж хэлвэл буруу­дахгүй бизээ. Нэрэндээ ардчилсан гэсэн тодот­голтой Ардчилсан нам шударга ёс гэсэн тодот­голтой МАХН-МҮАН-ын эвсэл ардын хэмээх тодот­голтой Ардын намын удирд­лагын нэг хэсэг нь авсан албан тушаалдаа ханах, нөгөө хэсэг нь алдсан албан тушаа­лынхаа хойноос ширүүсч, аль аль нь чимээгүй сууж байх хооронд улс оронд маань өдөр хоног өнгөрөх тусам шударга ёс ардчи­лал хүний эрх, эрх чөлөө алдагдан, ажилгүйдэл ядуу­рал авлига хээл ха­хууль, хүнд суртал, архи­далтын намагт гүн гүнзгий живж дээр нь Монголд өвөл болохоор бараг байнга шахуу тохиолддог утаа униарын аймшигт дарамт нөмөрчээ.

 Гэхдээ Ардчилсан намд ардчилалд хайртай аливаа хэлмэгдүүлэлтийг тэвчдэггүй, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлд шударга ёсыг амь наснаасаа илүү эрхэмлэ­дэг, хүний эрх, эрх чөлөөг хайрлан хамгаалахаас илүү үндэсний эрх ашиг байхгүйг ухамсарладаг Ардын намд ард түмнийхээ эрх ашгийг боддог жирийн гишүүд мянга мянга байгаа гэдэгт миний бие огтхон ч эр­гэлз­дэггүй. Харин өнөөдөр төр засгийн эрх мэдэлтний нэг хэсэг нь засгийн эр­хийг барьж, нөгөө хэсэг нь хажуунаас нь хянан шүүмж­лэх байдлаар хамт­ран хэрэгжүүлж байгаа гурав, дөрвөн нам эвслийн удирдлага болон тэдгээ­рийн жирийн гишүүд дэм­жигчдийн хооронд хана хэрэм босч, жирийн ги­шүүд дэмжигчдийн үг нь удирдлагынхаа чихэнд хүрэхээ больж, санаа бо­дол нь тэдгээрийн анхаа­ралд өртөхөө больсон нь үнэхээр харамсалтай.

Тухайн үед хайрын дундаас хууль бусаар МАН-АН үүсч, тэгсний уршгаар Монголын ард түмний эрх ашгийн эсрэг шийдвэрүүд гарч, луйв­рын сонгуулиуд болж, гэмгүй иргэд амь насаа алдаж, амлалт мартагдаж, стратегийн орд газрууд гадаад дотоодын цөөн хэ­дэн олигархиудын гарт очиж, авлига хээл хахууль цэцэглэснийг иргэд маань мартаагүй гэдэгт эргэл­зэхгүй байна. Тэгвэл одоо гурав, дөрвийн дундаас дахин нэг ёсны МАН-АН үүсч, хэлмэгдүүлэлт газар авч, хүний эрх эрх чөлөө хөсөр хаягдаж, ардчилал хумигдаж, шударга ёс алдаг­даж байна гэсэн ойл­голт иргэдийн маань дунд бий болжээ. Харин ингэ­хийг эсэргүүцсэн цөөн хэдэн монголчууд хоо­рондоо талцан хага­ралдаж, албан тушаалын төлөө нэгнийгээ хэлмэг­дүүлэхийг хүлээн зөв­шөө­рөхгүй байгаа шударга иргэдийн маань зүрх сэт­гэлд бухимдал хурж, нү­дэнд нь нулимс гүйлэгнэж байгааг хараат шүүгчдийн хууль бус шийдвэрээр хэл­мэгдэж, шоронд хориг­дож байгаа миний бие жирийн иргэдээс, ирүүл­сэн захидлаас уншиж, тэднийг эмнэлгийн цон­хоор харж, эргэлтээр ирж уулзаж байгаа хүмүүсийн хэлж байгаа үгнээс сон­сож мэдэж байна.

 Эхчүүд эмэгтэйчүүд маань хамгийн нарийн мэдрэмжтэй байдгаараа энэ бүх ноцтой байдлыг мэдэрч, ийм балмад явдлыг таслан зогсоохоор зориг шулуудаж, амь на­саараа дэнчин тавьж өлсгөлөн зарлажээ. Тэд маань хүний эрх, эрх чөлөө, ардчилал шударга ёсны төлөө түүнчлэн ядуу зүдүү амьдрал, ажилгүй­дэл, шударга бус сонгууль, хээл хахууль хүнд суртлын эсрэг өлсгөлөн зарлажээ. Эхчүүд эмэгтэйчүүд маань өөрсдийнхөө төлөө гэхээс илүү эрэгтэйчүүдийнхээ төлөө нийт арл түмнийхээ сайн сайхан амьдрал, үр хүүхдийнхээ гэрэл гэгээтэй ирээдүйн төлөө аргаа ядаад өлсгөлөн зар­лажээ. Тэгвэл би одоо Монголд ардчилал хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны асуудал хувь заяа хүнд хэцүү байдалд орсон байгаа энэ эгзэгтэй үед эмэгтэйчүүд эхчүү­дийнхээ ард юу ч болоогүй юм шиг царайлж суух эрх эрэгтэйчүүд бидэнд бий юү гэж асууж байна.

Өлсгөлөн зарлаж тэмцэх нь ямар амаргүй байдгийг хэн нэгнээс сур­гаар сонссон биш харин өөрийн биеэр туулж мэд­сэн учир тэднийхээ амь нас эрүүл мэндийн төлөө санаа зовж буй тул ингэж асууж байгаа юм. Тэднийг маань элдвээр битгий гутааж доромж­лоорой. Эх хүн эмэгтэй хүний нулимсыг битгий дуслуулаарай. Эмэгтэй хүн эх хүнээс төрсөн л юм бол тэгж хэлэх эрх хэнд ч байхгүй. Эцсийн эцэст тэд нар маань стратегийн ордыг хувьдаа авъя, сон­гуу­лийг шударга бусаар явуулъя, худлаа амалъя, хээл хахуулийг цэцэг­лүүлье, албан тушаалын төлөө улайран урваж шар­важ, хүн чанараа мартъя гэж өлсгөлөн зарлаагүй шүү дээ.

 Өлсгөлөн зарлахын тулд сэтгэлийн ихээхэн хүч тэнхээ хэрэгтэй. Хүний сэтгэлийн хүч тэнхээ зөвхөн зөв юмны төлөө явуулж байгаа тэмц­лийн үед ундарч гардаг. Харин одоо тэднийхээ тавьж байгаа хүсэлт шаард­лагыг шийдэж, хан­гах эрх үүрэг бүхий албан тушаалтан байгууллага туйлын шуурхай ажил­лаж, нэн даруй шийдвэр­лэх ёстой гэдгийг хатуу анхааруулж байна. Өлсгө­л­өн зарласан хүний тавьж байгаа шаардлага хэзээ ч улс оронд, ард түмэнд монгол хүний эрх ашгийн эсрэг байдаггүйг эрх мэдэлтнүүд ухаарах цаг болсон. Гэхдээ ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцэл нь зөвхөн на­муудын хийх ёстой ажил билээ. 21 жилийн ой болж байгаа Монгол Улсын Үнд­сэнд хуульд Ардчил­сан шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зар­чим мөн гэж тунхаглан заасан байдаг. Тэгвэл өнөөдөр Монголд төр, засгийн ямар бай­гуул­лагын үйл ажиллагаа Үнд­сэн хуулийн энэхүү зарчимд нийцэж байна вэ? гэдгийг асуух шиг болжээ. Асуугаад зогсохгүй яг энэ зарчмаар албан тушаалтан болгон байгууллага бү­рийн ажлыг шалгах, алдаа дутагдлыг нь илрүүлэн засах цаг иржээ. Үнэн хэрэгтээ энэхүү заалт ноцтой зөрчигдөж байгаа учраас ялангуяа хараат байдалд орсон хууль шүү­хийн байгуулллагын зарим ажилтны улс төрийн зо­рилгоор дээрээс өгсөн даалгаврын дагуу явуулж байгаа хууль бус үйл ажил­лагаа гаргаж байгаа хууль зөрчсөн шийдвэрүүд ээжүүд, эмэгтэйчүүдийг маань өөрийн эрхгүй амь нас, эрүүл мэндээ золиос­лон өлсгөлөн зарлах бай­далд хүргэж байгааг хаана хаанаа ойлгох цаг болжээ. Ойлгоод зогсохгүй энэ байдлыг даруй засч шал­ган, эмэгтэйчүүд, ээжүүд маань өлсгөлөн зарлах­гүйгээр үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, эрчүү­дийнхээ хайр хүндэтгэ­лийг хүлээн өрх гэрийнхээ чимэг нь болж, амар тайван амьдрах нөхцөлийг нь хангаж бүрдүүлцгээе гэж нийт монголчууддаа хандан уриалж байна.

 Өлсгөлөн зарлаж байгаа эхчүүд, эмэгтэй­чүүдийн тоо цөөн байна гэж битгий бодоорой. Үнэн хэрэг дээрээ алхам ту­тамдаа шударга бус явдалтай тулгарч, түүнд ширвүүлж байгаа энэ бү­хэнтэй тэмцэх юмсан, бүр өлсгөлөн зарлах юмсан гэж бодож байгаа ч ямар нэгэн хүндэтгэн үзэх шалт­гаанаар өлсгөлөн зарлаагүй байгаа эхчүүд, эмэгтэйчүүдийн тоо хавьгүй олон байгаа нь ойлгомжтой. Гэхдээ нэг ч гэсэн монгол эх, эмэгтэй хүн өлсгөлөн зарлана гэдэг бол манай нийгэмд шударга ёс алдагдсаны төр, засаг байгууллага, албан тушаалтнуудын явуулж буй ажиллагаа, гаргаж буй шийдвэрүүд нь буруу байгаагийн маш тодорхой үзүүлэлт юм. Нэгэнт өлсгөлөн зарласан эхчүүд, эмэгтэйчүүд дээр улам олон эх, эмэг­тэй­ нэмэгдэхийг хү­сэхгүй л байгаа юм бол тэдгээр эхчүүд, эмэгтэй­чүүдийн тавьсан шаард­лагыг нэн даруй биелүү­лэх ёстой гэдгийг эрх баригчдад хандан дахин сануулан шаардаж байна.

Одоогоос нэг жилийн өмнө НҮБ-ын хүн ам зүйн асуудал хариуцсан бай­гуул­лага манай гариг дэлхий дээр амьдарч, аж төрж байгаа үн­дэстний ирээдүйн өсөлт бууралт орших, эс ор­шихын талаар илтгэл су­далгаа хийс­нийгээ дэлхий дахинд зарлаж танилцуул­сан билээ. Тэр судал­гаа­гаар зарим үндэстэн өсч үр­жинэ гэсэн байхад зарим нь цөөрсөөр улмаар мөхөж устана гэж гарсан байсан. Эрдэмтэн, суд­лаа­чид тухайн үндэстэн мө­хөж сөнөхийг тэр үн­дэстний хамгийн сүүл­чийн эмэгтэй хүн байхгүй болсноор тооцож, таамаг­ласныгаа илтгэл-судал­гаандаа тэмдэглэсэн бай­даг. Тэгэхээр тухайн үн­дэстний орших, эс ор­шихын хувь заяа эмэгтэй хүн, эх хүний амь нас, амьдралтай шууд хол­боотой байдаг байх нь ээ. Монгол үндэстний ор­ших, эс орших нь монгол эх хүн, эмэгтэй хүний амь нас амьдралаас шууд шалт­гаална. Монгол эмэгтэй, эх хүний амь нас эрсдэлд орно гэдэг бол монгол үндэстний орших, эс орших эрсдэлд орж байна гэсэн үг. Тийм учраас би өлсгөлөн зар­ла­сан эхчүүд эмэгтэй­чүүддээ хандан өлсгө­лөнгөө зогсоохыг дахин үнэн сэт­гэлээсээ учирлан гуйж хүсч байна.

Та нарын маань тавь­сан шаардлагыг өнөө­гийн эрхтэн дархтнууд сонс­сон нь ойлгомжтой. Харин шаардлагыг биелүү­лэх эсэх нь тэдний мэдлэг боловсрол, хүн чанар, ёс суртахуун, ухам­сар ха­риуц­лагаас шууд шалт­гаална. Тэдэнд мэд­лэг боловсрол, ёс сурта­хуун, хүн чанар үнэхээр байгаа бол шаардлагыг чинь бие­лүүлэх үүрэгтэй. Байхгүй бол илжигний чихэнд ус хийгээд ч алт хийгээд ч адилхан сэгсэрнэ гэдгээр болох бизээ. Та нар маань зүрх сэтгэлийнх нь чих дүлийрсэн, оюун ухааных нь нүд сохорсон албан тушаалтнууд, эрх мэдэлт­нүүдийн албан тушаал түүнийг дагасан авлига хээл хахуулийн төлөө улайрсан байдлын золиос болох хэрэггүй. Тэдний арчаагүй нүүр царайг ард түмэн маань таньж мэ­дээд, дотроо дүгнэлт хий­вэл та нарын өлсгөлөн томоохон үр дүнд хүрсэн гэсэн үг. Юм эргэхдээ эргэнэ гэж ухаан ард тү­мэн маань ярьдаг шүү дээ.

Хараат хууль шүүхийн байгууллагуудын зарим ажилтнуудын хууль бус ажиллагаа зөрчсөн шийд­вэрээс хэлмэгдэж байгаа би Монгол Улсад ардчилал шударга ёсыг сэргээн тогтоох, монгол хүний эрх, эрх чөлөөг хангуулахын тулд өлсгөлөн зарлаж, амь нас, эрүүл мэндээ золиос­лон тэмцэхэд жирийн ир­гэд маань түүний дотор эхчүүд, эмэгтэйчүүд тууштай тэмцсэнийг сайн мэднэ. Гэхдээ иргэд маань ялангуяа эхчүүд, эмэгтэй­чүүд маань надаас дахин битгий өлсгөлөн зарлаарай хэмээн нүдэндээ нулимс­тайгаар гуйж хүсч байдаг тул би өлсгөлөн зарлахыг тэвчиж байгаа. Одоо би эргээд эхчүүд эмэгтэйчүү­дээсээ гуйж байна. Та нар маань өлсгөлөнгөө зог­сооно уу.

Шударга ёс ардчи­лалыг сэргээж, монгол хүний эрх, эрх чөлөөг ханган хамгаалах, иргэдээ өндөр боловсрол, нарийн мэргэжилтэй, амьдралд нь хүрэлцэхүйц цалин мөнгө, тав тухтай суух орон байртай болгож, байга­лийн баялгаа ард түмэндээ дундын өмч болгон өмч­лүүлэхийг зорьж байгаа та бидний шударга тэмцэл эхэлж байна. Энэ ариун тэмцэл улам ихээр эрч хүчээ авна гэдэгт эргэл­зэхгүй байна. Эрүүл мэнд амь насаа бодоорой гэж хүсч гуйя. Юм эргэхдээ эргэнэ. Та бид, Монголын ард түмэн ялна.

Жич: Уг нь би шинэ оныг шоронд биш, ард иргэдтэйгээ хамт гу­дамж талбайд уулзан учирч, гэртээ гэрийн­хэн­тэйгээ хамт сууж угтахсан гэж хүсч байсан. Гэвч хараат шүүгчдийн хууль бус шийдвэрээр шинэ онтой шоронд залгалаа. Эхнэр маань надтай хамт шинэ оныг угтахаар шоронд ирэхэд нь би зөвшөөрөөгүй. Гэрээ эзгүй үлдээж болохгүй гэж тайлбарлаад буцааж явуулсан. Эрчүүд нь ямар нэг шалтгаанаар эзгүй байвал эмэгтэйчүүд, эхчүүд маань гэрээ эзгүй орхих ёсгүй.

 Монгол эх, монгол эмэгтэй байгаа цагт мон­гол айл өрх эзгүйрэхгүй. Монгол үндэстэн мө­хөхгүй. Есүхэй баатар хорлогдсоны дараа Өүлэн үжин гэрээ эзгүй орхиогүй учир монгол үндэстэн сэр­гэн мандсан түүх үүнийг батална. Баатрууд байхгүй болсон цагт монгол эх­чүүд, эмэгтэйчүүд баат­рууд болдог. Монголчууд минь ээ, монгол эхчүүд, эмэгтэйчүүдээ хайрлан хамгаалж, хүндэтгэн би­ширч явцгаая. Яарч бичсэн захидал маань эв хавгүй болсон байж мэднэ. Гэхдээ уран үгтэй захиа байхаас үнэн үгтэй захи­дал байх нь илүү чухал. Харин ил захидал маань хаягласан эзэддээ хурдан очоосой. Нэг ч гэсэн хоно­гийн өмнө эхчүүд, эмэг­тэйчүүдийн өлсгөлөн зог­соосой хэмээн залбирнам.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш