Монгол Улсын Засгийн газар Газрын тухай багц хуулийн төсөл боловсруулж УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан УИХ-ын даргад өргөн барьсан юм. Уг хуулийн төслөөр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр хөтлөн явууллаа. Хэлэлцүүлэгт Иргэнийн нийгэм, төрийн бус байгууллага, иргэд , аж ахуйн нэгжийн зарим төлөөлөл оролцов.
УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэж, өмчилсөн газраа санхүүгийн эргэлтэд оруулах бодит боломжийг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн газрыг гэрчилгээжүүлэх бодлогыг багтаасан юм. Энэхүү бодлогын хүрээнд Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай, Геодези, зураг зүйн тухай зэрэг хуулийн төслүүдийн шинэчилсэн найруулга, Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төслийг шинээр боловсруулжээ.
Монгол Улсын эдийн засаг хурдацтай өсч байгаатай уялдуулан үндэсний болон бүс нутгийн хэмжээний, томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Үүнтэй холбогдуулж улс, орон нутгийн тусгай хэрэгцээ, нийтийн болоод нийгмийн зайлшгүй хэрэгцээ, ашиг сонирхолд нийцүүлэн иргэдийн хувийн өмчлөлд шилжсэн, эзэмшил ашиглалтад байгаа газрыг албадан чөлөөлөх шаардлага гарч байгаа юм. Энэ шаардлагыг хэрэгжүүлэх үүднээс Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газар шинээр боловсруулсныг Иргэний танхимд болсон хэлэлцүүлгээр хэлэлцлээ.
Улсын тусгай хэрэгцээ, нийтийн хэрэгцээ гэсэн хоёр үндэслэлээр газрыг албадан чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна.
Улсын тусгай хамгаалалттай газар, улсын хилийн зурвас газар, улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах газар, аймаг дундын отрын бэлчээр зэрэгт зориулан газар чөлөөлөх нь улсын тусгай хэрэгцээнд орж байгаа юм. Харин нийтийн хэрэгцээ гэдэг үндэслэлээр олон нийтэд зайлшгүй шаардлагатай, тэдний эрх ашиг, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, аюулгүй байдлыг хангах зориулалттай үйл ажиллагаа явуулах, дэд бүтэц, барилга байгууламж барих шаардлагатай газрыг албадан чөлөөлөх талаар хуулийн төсөлд тусгажээ.
Газраа албадан чөлөөлүүлсэн иргэнд нөхөн олговор олгож шинээр нүүн суурьшихад нь дэмжлэг үзүүлэх юм байна. Уг хуулийн төслийг ойрын үед УИХ-ын бүтцийн байгууллагуудаар хэлэлцэхээр болжээ.