Монгол Улсын анхны Үндэсний цэргийн дээд шатны сургууль болох Батлан хамгаалахын удирдлагын академи /БХУА/ 20 жилийн ойгоо ёслон тэмдэглэлээ. Ойн баярын арга хэмжээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, ШШГЕГ-ын даргын зөвлөх, бригадын генерал Д.Батжаргал, ХХЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Буянжав нар оролцлоо.
Богинохон мэт боловч бахархах амжилт бүтээлээр дүүрэн энэ 20 жилийн хугацаанд БХУА стратегийн түвшний удирдах албан тушаалын офицерууд бэлтгэх, БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчин, цэргийн бусад байгууллагын удирдах офицерууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын удирдлагыг цэрэг-стратегийн бэлтгэлд сургах, цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлэх зэрэг өргөн цар хүрээнд үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирсэн юм.
Аранзал тугт жагсаалаасаа Монгол Улсын гавъяат багш 1, алтан мөрдэстэй 6 генерал, олон хурандаа төрүүлсэн тус академи Батлан хамгаалах салбарт цэргийн дээд боловсролтой, стратеги-тактик, цэргийн удирдлагын менежер мэргэжилтэй, цэргийн шинжлэх ухааны магистр зэрэгтэй 170 гаруй офицер бэлтгэн өгч тэдгээр нь БХЯ, ЗХЖШ болон Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн удирдах албан тушаалд үр бүтээлтэй ажиллаж байна. Түүний зэрэгцээ БХУА дээр хичээллэдэг стратегийн болон бусад чиглэлийн дамжаагаар энэ 20 жилийн хугацаанд 600 гаруй албан тушаалтны мэдлэг мэргэжлийг дээшлүүлжээ.
ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэн, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагч, бригадын генерал Л.Онцгойбаяр, ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газрын дарга, бригадын генерал Д.Энхбаатар, БНХАУ-д суугаа Батлан хамгаалахын атташе, бригадын генерал Б.Даваадорж нар болон Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн бараг бүх ангиудын захирагч хурандаа цолтнууд БХУА-ийг төгсөгчид бөгөөд баярын үеэр “Хурандаа нарын цугларалт” болсон гэж онцлож болно.
БХУА орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын материаллаг бааз, цэргийн сургалт бэлтгэлээрээ дэлхийд тэргүүлэх ОХУ, АНУ, бусад орнуудад цэргийн академи, дээд сургууль төгссөн мэдлэг боловсролтой багшлах бүрэлдэхүүнээр хангагдаж, суралцагсад, төгсөн гарагсад нь Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдах албан тушаалд ажиллах хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж байгааг ойн баярын үеэр олон хүн үнэлж дүгнэж байлаа.
Мөн энэ үеэр БХУА-ийн үндэс суурийг тавьсан анхны захирал, БХЯ-ны сайд асан, БХИС-ийн хүндэт профессор, дэслэгч генерал Л.Моломжамцын хөдөлмөрийн алдрыг академийнхан болон шавь нар нь тэмдэглэсэн юм.
Батлан хамгаалах салбарын төдийгүй Монгол Улсын аюулгүй байдлыг хангах, хамгаалах онцгой үүрэгтэй байгууллагуудын удирдах боловсон хүчнийг сургаж бэлтгэдэг чухал үүрэгтэй БХУА цаашид өндөр хөгжилтэй орнуудын Зэвсэгт хүчний ижил төстэй бусад академийн түвшинд сургалтаа улам төгөлдөржүүлэн Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийг удирдан чиглүүлэх, хөгжүүлэн дэвшүүлэх олон шилдэг мэргэжилтэн, олон талын мэдлэг чадвартай цэргийн удирдагч бэлтгэх зорилго тавин ажиллаж байна.