Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Норвегийн Ерөнхий сайд асан ноёнКьелл Магне Бондевик, Уул уурхайн сайд асан ноён Ейнар Стийнснас нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Норвегийн Засгийн газрын танхимын гишүүн асан энэ хоёр эрхэм 2005 онд Ослогийн Энх тайван, хүний эрхийн төвийг хамтран байгуулж өдгөө уг төвийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Норвегийн төлөөлөгчидтэй уулзахдаа Монгол Улс ардчиллын замаар тууштай хөгжиж, сүүлийн жилүүдэд хүний эрхийг хангах, шүүх засаглалыг шинэчлэх, авлига, хээл хахуультай тэмцэх чиглэлээр дорвитой үйл ажилагаа явуулж байгааг онцоллоо. Авлига, хээл хахуультай тэмцэх ажлыг эрчимжүүлсний үр дүнд Монгол Улс дэлхийд авлигын зэрэглэлээрээ 120 дугаарт байсан бол жилийн дотор 94 дүгээрт орж 26 байраар урагшилсныг дурдаад одоо Ашигт малтмалын тухай багц хуулийн төслийг бэлэн болгож, иргэдээрээ хэлэлцүүлж байгаагаа энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэллээ.
Норвегийн Ерөнхий сайд асан ноёнКьелл Магне Бондевик, Уул уурхайн сайд асан ноён Ейнар Стийнснас нар “Монгол Улс ашигт малтмалын арвин баялагтайгаараа Норвеги улстай төстэй бөгөөд гол нь ашигт малтмалаас орж ирж байгаа мөнгө, гадаадын хөрөнгө оруулалтыг зүй зохистой ашиглах ёстой. Уул уурхайн салбарыг хөгжүүлэхдээ Монгол Улс сайн засаглалыг бий болгох, хууль, шүүх, эрх зүйн салбарыг шинэчлэх зэрэг ажлыг зэрэгцүүлэн хийснээр тэр гол салбараас орж ирж байгаа мөнгийг үр ашигтай ашиглах болно” гэж байлаа.
Тэд Монгол Улс нь Ази, Европыг холбосон гүүр, Хойд Солонгос, Япон болон Азийн бусад орнуудтай холбогдох, хамтран ажиллах хаалга, ардчиллыг хөгжүүлж бүс нутагтаа үлгэр жишээ үзүүлсэн орон болохыг тэмдэглэн хэлж байв.