logo
Хэвлэлийн эрх чөлөөний хуулин дахь хариуцлагын асуудлыг онцлон хэлэлцэв

Хэвлэлийн эрх чөлөөний хуулин дахь хариуцлагын асуудлыг онцлон хэлэлцэв

2013/01/17
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /нэгдүгээр сарын 16/ хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэсний эхнийх нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, энэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг байв.

        Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Д.Лүндээжанцан гишүүн ".Шүүхийн тухай хуулийн 16-р зүйлийн 16-1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангахад шаардагдах нэмэлт зардлыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд зааснаар Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэх...” гэсэн заалт Төсвийн ерөнхий хуультайгаа нийцсэн эсэх, санхүүжилтийн хэмжээ ямар байх талаар лавлахад хуралдаан даргалсан Р.Гончигдорж гишүүн “Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8-р зүйлийн 8.3.4-т заасан Засгийн газрын нөөц сан гэдэг заалт байгаа тул Засгийн газрын нэмэлт хөрөнгөөс гаргах боломжтой” хэмээн хариуллаа.

        Гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн захиргааны зардлыг бие даалгах, УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн шүүгчийг томилохтой холбоотой асуудлаар тодорхой санал хэлсний дараа эдгээр асуудлаар байнгын хорооны гишүүдийн саналыг хураах нь зүйтэй хэмээн үзэж санал хураан дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

        Үүний дараа Шүүх байгуулах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон Шүүгчийн орон тоо батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж зарчмын болон найруулгын чанартай хэд хэдэн саналаар хорооны гишүүдийн саналыг хураав.

        Төсөлд улсын хэмжээнд гарч буй хэргийн ачаалал, нутаг дэвсгэрийн ойр дөт байдлыг харгалзан 2-3 аймгийн давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар эрүүгийн давж заалдах шатны 9 шүүх, иргэний давж заалдах шатны 9 шүүх, нийт 18 шүүх байгуулахаар тусгасантай холбоотойгоор гишүүд нэлээд асуулт тавьж хариулт авсан юм. Мөн шинэ хууль хэрэгжиж эхлэхээр шүүгчид түүнд нийцэн ажиллах шаардлагыг хангах эсэх, энэ чиглэлээр сургалт хэр зохиож буй, шүүгчдийн хүйсийн харьцаа төдийгүй шүүгч, өмгөөлөгч, прокурорын тооны харьцааг зохистой болгох, хуулийн байгууллагуудын бүтээмж, орон нутаг дахь өмгөөлөгчдийн хүртээмжийг сайжруулах, шүүх байгууллагыг хамгийн ёс зүйтэй, хариуцлагатай болгохын тулд шүүгчдийг хэрхэн сонгон шалгаруулах зэрэг олон асуудлаар байр сууриа илэрхийлсний эцэст анхны хэлэлцүүлэг хийсэн тухай байнгын хорооны санал, дүгнэлтийг төсөл дээр ажилласан Ажлын хэсгийн ахлагч Р.Гончигдорж гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

           Энэ өдрийн хуралдаанаар гишүүдийн удтал тогтож хэлэлцсэн нэг асуудал нь  Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл байсан бөгөөд төслийн 19 дүгээр зүйлийн талаарх тус хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд бичгээр хүргүүлэх ёстой байв.

        Дээрх төслийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын тухай 19-р заалтан дээр гишүүд нэг талаас хэвлэлийн эрх чөлөөг боомилох аливаа илрэлтэй тэмцэх, нөгөө талаас олон нийтийн үнэнийг мэдэх эрх чөлөөг буруугаар ашигласан тохиолдолд сэтгүүлчид болон тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний эздэд хүлээлгэх хариуцлагын механизмыг чангатгах асуудлыг нэлээд хурцаар хөндсөн юм. Гишүүд уг хуулийг Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай, Контентын тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай зэрэг хуулиудтай багцаар нь оруулж цогцоор нь шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байсан ч тэдгээр хуулийн төслийг боловсруулан оруулж ирэхийг хүлээж цаг алдахгүйн тулд эн түрүүнд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслөө баталж, улс төрчдийн зэвсэг, гүтгэлэг доромжлолын хэрэгсэл болж буй хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздэд хүлээлгэх хариуцлага, тухайн  хэрэгслийн үйл ажиллагааг түдгэлзүүлэхээс аваад зогсоох хүртэл асуудлыг дараа дараачийн харгалзах хуулиар шийдээд явъя гэсэн байр суурин дээр тогтлоо.

        Үүний дараа Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын 2011 оны илтгэлийн тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн гишүүдийн олонхын саналаар баталснаар энэ өдрийн хуралдаан өндөрлөв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш