logo
ШУТИС-ийн професор, доктор Д.Дондов: Сонгогдсон консорциумуудтай хувь хэмжээг тохироход хүндрэл учирч хүлээгдэж байна

ШУТИС-ийн професор, доктор Д.Дондов: Сонгогдсон консорциумуудтай хувь хэмжээг тохироход хүндрэл учирч хүлээгдэж байна

2011/07/25
Тавантолгойн ашиглалтын талаар ШУТИС-ийн  професор, доктор Д.Дондовтой ярилцлаа.
-Тавантолгойн ашиглалтыг эхлүүлэхэд ямар бэрхшээл байгаа гэж бодож байна вэ?
-Таван толгойн ашиглалтыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өсч байгаа, авах эзэд нэлээд сонирхож байгаа нөхцөлд түргэн оруулах хэрэгтэй. Ашиглах асуудлыг Засгийн газрын зүгээс идэвхитэй  хөөцөлдөж байна. Гэхдээ бас хүндрэлтэй зүйл байна. Энэ ордод оролцож ашиг шимийг нь хүртэх гэсэн олон ашиг сонирхол бий. Оролцохдоо ганцаарчилж оролцох сонирхол бүр олон байгаа. Монголын сонирхол, тэдэнд тавьж буй шаардлага хэд хэдэн улсын хамтарсан консорциумыг оролцуулах явдал. Тийм байдлаар ажлын хэсэг хэдэн сар хэлэлцээр хийлээ. Одоо л эцсийн мөчид тулж ирээд байгаа. Оросын Төмөр зам нэгтгэл, Хятадын Шинхуа, Америкийн Пибоди консорциумыг сонгоод байна. Хувь хэмжээг тохироход хүндрэл учирч хүлээгдэж байна.
-Тавантолгойг ашиглах техник, технологийн талаар юу хэлэх вэ?
-Техник, технологи, геологийн бүх нөхцөл нь бүрдсэн. Манайхан цогцоор нь ганцхан аргаар ашиглах тухай яригдсан. Энэ бол хэзээ ч бүтэхгүй асуудал. Ийм том ордыг ганцхан уурхай ашиглах геологийн нөхцөл байхгүй. Техник, технологийн нэгдсэн зөрчил гарна гэсэн зүйл үгүй. Одоо зүүн Цанхид ажиллаж буй Эрдэнэс-Тавантолгой, баруун Цанхид ажиллах стратегийн хөрөнгө оруулагч нарыг түргэн ажилд оруулах асуудал хүлээгдэж байна. Мөн Монголын тал Эрдэнэс-Тавантолгойг хүчирхэг болгох хэрэгтэй. 700 сая тоннын нөөц батлагдсан. Үүнээс 15 сая тонн нүүрс олборлох чиглэлтэй байгаа. Техник технологийн сонголтоо хийсэн. Одоо хүчирхэгжүүлэх л үлдээд байна. Харин хөрөнгийн  асуудал хүндрэлтэй байна. Энэ сарын 19-нд ТУЗ-ийн хурал болсон. Уурхайг өргөтгөх, тоног төхөөрөмж шинээр худалдаж авах 25 тэрбумын зардлыг зөвшөөрсөн. Энэ мөнгө байна уу гэдэг манан будантай байна.
-Эрдэнэс-Тавантолгой бие даан ажиллах бололцоо бий юу?
-Бие даан ажиллах бололцоо бий. Гэтэл үүнд Засгийн газар саад хийж байна. Олсон мөнгийг Засгийн газар шууд татаж аваад Хүний хөгжлийн сангийн 21 мянга руу хийж байна. Энэ бол хамгийн том аюул. Уурхайг цааш ажиллахгүй, хөдөлгөхгүй болгож байна. Би ТУЗ-ийн хараат бус гишүүн. Тиймээс ч хурал дээр үүнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлдэг. Ер нь энэ тэндээс олж байгаа мөнгийг төр татаад байвал уурхай хүчирхэгжиж чадахгүй. Уурхай 300 сая тонн нүүрс ирэх жил экспортлоно. Техникийн бололцоо бий. Гэхдээ зардлыг даах чадварыг төр одооноос бий болох ёстой.
-Нүүрсээ өөрсдөө борлуулж чадах уу? 
-Өөрсдөө борлуулж чадахгүй. Дэлхийд нүүрсийг үнэ хүргэж борлуулдаг компаниар борлуулна. Манайх тендер зарлаж, Хятадын “Чанка” гэдэг компани сонгогдсон. Эднийх дэлхийд нүүрс борлуулдаг төрийн өмчит найдвартай компани. Хамгийн гол нь тус компани манайд урьдчилгаа төлбөрт 250 сая ам.доллар төлсөн. Гэтэл энэ мөнгийг Хүний хөгжил санд оруулсанд харамсаж байгаа. Уг нь энэ мөнгөөр Эрдэнэс-Тавантолгойг 100 хувь босгох боломж байсан.
-Баруун Цанхид хөрөнгө оруулагч нар дахин судалгаа хийх шаардлагатай юу?
-Хөрөнгө оруулагч нар ямар ч судалгаа хайгуул хийх шаардлагагүй. Баруун Цанхид хоёр сая орчмийн нөөц байгаа. Стратегийн хөрөнгө оруулагч нар тодорход нөөцийн тухайд ярих зүйл байхгүй. Ямар техник, стандартаар ашиглах талаар тэд бүгд мэдэж байгаа. 
-Ярилцсанд баярлалаа.

Ц.Мягмарбаяр
www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш