logo
Дарханыхан 50 жилинхээ ойг амжилт бүтээл дүүрэн угтжээ

Дарханыхан 50 жилинхээ ойг амжилт бүтээл дүүрэн угтжээ

2011/07/25
Дарханчууд 50 жилийнхээ ойг угтан 50 бүтээлч ажил төлөвлөн бодит ажил  болгосны заримтай Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд танилцав.   Тухайлбал Дарханчууд төдийгүй гадна, дотны зочдын заавал очдог болсон ногоон байгууламж, усан оргилуур бүхий “Дархан-50“, “Морин хуур” цогцолбор, Дүүжин гүүр, Бурхантай толгой, “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнд гүйцэтгэх засаглалын тэргүүн саатаж, ард иргэдтэй энгийн яриа хөөрөө өрнүүлэн, баярын мэндчилгээ дэвшүүлж байлаа. Дарханчуудын хийж бүтээснийг төр, засаг өндрөөр үнэлж Дархан хотыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнаж, “Морин хуур” цогцолборыг “Орон нутгийн хамгийн сайн санаачлага”-аар өргөмжлөн Алтан гэрэгэ олгожээ. Тэгвэл “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнд Монголын Архитекторуудын эвлэл Гахай жилийн “Шилдэг байгууламж” өргөмжлөл, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын хотуудын холбоо Дархан хотод “Цэвэр хот” өргөмжлөл, “Эрүүл хот” батламж, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Барилгачдын үндэсний ассоциациас “Барилга, хот байгуулалтын чиглэлээр хамгийн их бүтээн байгуулалт өрнүүлсэн хот” хэмээн “Алтан цамхаг” цом, өргөмжлөлөө гардуулсан байна.

Эдгээрээс гадна хүнсний ногоо тариалалтын улсын  шилдэг  сумаар  Дархан, Орхон сум шалгарсан зэрэг нь Дарханчуудын бахархал төдийгүй бусад аймагт үлгэр жишээ үзүүлж байгааг Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэж байсан юм. Дарханчууд хотынхоо бүх гудамжийг гэрэлтүүлэгтэй болгож, ногоон байгууламжаа нэмэгдүүлэн, хотын доторхи хатуу хучилттай замаа бүрэн засварлажээ. 50 жилийн ойгоос үлдэх зүйл нь бүтээн байгуулалт. Ингэснээр Дархан хот эрүүл, аюулгүй байж, энэ хэрээр иргэд амгалан тайван амьдрах боломж бүрэн бүрдэнэ гэж аймгийн удирдлагууд ярьж байлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш