logo
Байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав

Байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав

2013/01/17
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос эрхлэн өнөөдөр үдээс хойш /2013.01.16/ Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хуулийн төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав.

   Хэлэлцүүлэгт тус байнгын дарга З.Баянсэлэнгэ болон байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд, мөн Эрүүл мэнд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан,  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны холбогдох ажилтнууд, зарим төрийн бус байгууллага болон олон улсын байгууллагын ажилтнууд оролцсон юм.

  Нээлттэй хэлэлцүүлгийг байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг удирдаж, УИХ-ын гишүүн С.Оюун уг хуулийн төслийн талаар танилцуулга хийж, хэлэлцүүлэгт оролцогсдын асуултад хариулт өгөв. Хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засалтын үйлчилгээг төрөөс хариуцах, стандартыг шинэчилж боловсронгуй болгох, рашаан сувиллын хөнгөлөлтийн хэмжээг нэмэгдүүлэх, хүүхдэд протез, ортопедийн хөнгөлөлт олгох хугацааг хүүхдийн онцлогт тохируулан өөрчлөх, ерөнхий боловсролын тусгай сургуульд суралцагсдад үдийн хоол өгөх, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ажилладаг мэргэжилтэн бэлтгэх зэрэг асуудлыг хуулиар зохицуулахаар тусгаснаа төсөл санаачлагч танилцууллаа. Мөн Сэргээн засах хөгжлийн үндэсний төвийн газрын дарга Ө.Батжаргал “Хамт олонд суурилсан сэргээн засах үйлчилгээ” сэдвээр илтгэл тавилаа.

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай энэхүү хуулийн төслийг С.Оюун нарын гишүүд санаачлан боловсруулж өнгөрсөн оны аравдугаар сард УИХ-д өргөн барьсан байна.

   Нээлттэй хэлэлцүүлэгт оролцогсод “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн халамж үйлчилгээ” гэсэн гурван үндсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, хуулийн төслийн талаарх санал бодол, байр сууриа хуваалцлаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш