УИХ-ын ӨБХ-ноос зохион байгуулсан энэхүү уулзалтанд тус байнгын хорооны гишүүд, ажлын албаныхан, УИХ-ын даргын ажлын албаны ажилтнууд, УИХ-ын Тамгын газрын удирдлагуууд, өргөдөл хүлээн авах ажилтнууд, УИХ-ын судалгааны төвийн зарим ажилтан, УИХ-ын гишүүдийн туслах, зөвлөхүүд, АНУ-ын Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол Улс дахь хөтөлбөрийн захирал, ажилтан, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ, НИТХ, НЗДТГ-ын өргөдлийн шийдвэрлэлт хариуцсан ажилтнууд оролцсон юм.
Уулзалтанд оролцогчид АНУ, ХБНГУ, Австрали зэрэг гадаадын зарим орны өргөдөл шийдвэрлэх үйл ажиллагааны онцлог, туршлага, УИХ-ын ӨБХ-ны зорилго, үзэл баримтлал, УИХ-аас иргэдийн хувийн асуудалтай холбоотой өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж буй байдалд хийсэн судалгааны тайлан, УИХ-ын ӨБХ-ны үйл ажиллагааны онцлог гэсэн таван сэдвээр илтгэл сонссоны дараа сонирхсон асуудлаараа хариулт авч, ажлын туршлага, санал бодлоо хуваалцав.
ӨБХ-ны гишүүн Х.Тэмүүжин илтгэлдээ иргэдийн өргөдөл, гомдолд түшиглэн УИХ-аас гарч буй хууль тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих санаачлага одоогоос 9 жилийн өмнө гарч, олон судлаач, улс төрчийн хүсэл эрмэлзлээр 2012 онд биелснээр УИХ-д ӨБХ гэдэг шинэ бүтэц бий болсон түүхийг өгүүлээд парламентын хяналт, хууль тогтоох үйл явц хоёр төлөөлөлтэйгөө улам ойртож холбоо тогтоох, парламентын үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэн шууд ардчиллыг хэрэгжүүлэхэд ӨБХ-ны гүйцэтгэх үүргийг түүний нээж буй 5 зүйлийн боломжоор нь онцлон дурдсан юм. Тухайлбал:
- УИХ дахь төлөөлөл зөвхөн сонгуулиар хэрэгждэг систем байхаа больж УИХ-ын бүрэн эрхийн 4 жилийн хугацаанд иргэд, сонгогчид хүсэл зоригоо төлөөлөлдөө сонордуулж байх шинэ боломж,
- Ард түмнийхээ хэрэгцээ шаардлагад түшиглэн Засгийн газрын үйл ажиллагааг хянах боломж,
- Гудамж талбайд өрнөдөг иргэд, олон нийтийн илэн далангүй яриа парламентад хүрэх дөт боломж,
- Хариуцлага алдаж буй албан тушаалтнууд, ажлаа хийдэггүй төрийн байгууллагуудыг хянах нэгэн төрлийн боломж,
- Нийгэмд хүсэн хүлээж буй бодлогыг парламент боловсруулан гаргахгүй орхигдуулахаас зайлсхийх буюу бодлогын хийдэл гаргуулахгүй байх боломж... хэмээн ӨБХ-ны үйл ажиллагааг “олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлыг шийдвэрлэх гол түлхүүр” талаас нь тайлбарлалаа.
Сонгогчийн боловсрол төвийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяагийн тавьсан илтгэлд дурдсанаар бол 2008-2012 онд УИХ-д хандан ирүүлсэн 13150 илтгэлийн 95 хувь нь орон сууц, гэр зэрэг эд хөрөнгө, эмчилгээний зардал хүссэн хувийн чанартай өргөдөл байжээ. Тэдгээр нь ихэвчлэн өрх толгойлсон эмэгтэйчүүд, ажилгүй хүмүүс, ахмад настнуудаас ирсэн байдаг бөгөөд УИХ-ын шийдвэрлэх асуудлын хүрээний бус, орон нутаг, дүүрэг хороондоо шийдвэрлүүлэх боломжтой ч иргэд ямар асуудлаар, хаана, хэнд хандахаа мэддэггүй, мэдсэн ч шийдвэрлэнэ гэдэгт нь итгэдэггүй, чухам юу хүсч буйгаа оновчтой томьёолоогүй олон хуудас дүүрэн бичсэн зузаан өргөдөл байдаг нь асуудлыг ихээхэн шийдвэрлэхэд хүндрэл учруулдаг гэж уулзалтанд оролцогчид ярьж байлаа. Тиймээс өргөдлөө хэнд хандаж ямар хэлбэрээр хэрхэн бичих талаар сургалт сурталчилгаа явуулах, иргэдэд энэ талын боловсрол олгох, өргөдлийн тодорхой загвар гаргахаас аваад олон мянган өргөдлийг агуулгаар нь ангилах, судлах, шийдвэрлүүлэх гарцыг нь зөвлөсөн хариу өгөх зэрэг гол төлөв техникийн шинжтэй олон асуудал одоогоор гуравхан ажилтантай шинээр байгуулагдсан хороонд тулгарч байгаа аж.
Өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэхэд иргэдийн мэдлэг боловсрол, хайнга хандлага, бэлэнчлэх сэтгэлгээнээс гадна хууль тогтоогчдын хариуцлагагүй амлалт, тойрогт хуваарилдаг байсан мөнгө, эрх мэдлийн төвлөрөл, төрийн байгууллагуудын хүнд суртал ихээхэн төвөг уддагийг ч оролцогчид илэн далангүй ярьж байв. Үүнтэй холбогдуулан ӨБХ-ны дарга Р.Бурмаа тайлбар өгөхдөө шинэ хуулиар төрийн түшээд элдэв амлалт өгөх, тойрогт мөнгө хуваарилахыг нэгэнт хориглосон тул хувийн хүсэлт бүхий өргөдлийг хэн нэгэнд зүгээр цохоод явуулчихгүй, эздэд нь шуурхай хариу өгөхдөө хаана, хэнд хандах талаар зөвлөгөө дайна гэдгийг онцлон хэлж байлаа.
ӨБХ-ны зөвлөх А.Сарангэлийн ярьснаар бол тус хороо байгуулагдсанаас хойшхи 4 сарын хугацаанд ажилтнууд нь гадаадын олон орны туршлага болон УИХ-аас өргөдөл гомдол шийдвэрлэж ирсэн уламжлалаас судлан байнгын хорооныхоо зорилго, үйл ажиллагааны зарчмыг эхнээс нь зөв тодорхойлж, дүрмийн төсөл боловсруулах, веб сайт бий болгохоор ажиллаж байгаа гэнэ.
Байнгын хорооны дарга Р.Бурмаа уулзалтанд оролцогчдын асуултанд дор бүр нь хариулангаа иргэдийн өргөдөл, гомдолд түргэн шуурхай хариу өгөхийн энэ чиглэлээр хамтран ажиллаж, бие биеэсээ суралцан ололт туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлээд, ӨБХ-ны үйл ажиллагааг жигдрүүлэн явуулах эрхзүйн орчинг сайжруулах зорилгоор 1995 онд баталсан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гаргах журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаагаа мэдээлсэн юм.
С.Отгонцэцэг