Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас Төрийн ордны Их танхимд “Шинэчлэлийн 7 зорилт” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээж, Шинэчлэлийн Засгийн газраас мэдээллийн технологийн хөгжилд тулгуурлан төрийн үйлчилгээг шинэ түвшинд хүргэх зорилтыг тоймлон хэлсэн юм.
Энэ салбарын хөгжил нь цахим засаглал хөгжүүлэх үндсэн хэрэглүүр учир Засгийн газраас онцгойлон анхаарч байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ онцолсон. Мөн “Ерөнхий сайдын дэргэд Мэдээллийн технологийн зөвлөл ажиллуулж, баасан гараг бүр Монголын шилдэг мэргэжилтнүүдийг цуглуулан энэ салбарыг богино хугацаанд хөгжүүлэх шийдлийг ярилцаж байгаа. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд бид хамтран хэлэлцэж гаргасан бодлого, стратегийн шийдлээ өнөөдөр танилцуулж байна” гээд хүрэх зарим үр дүнгээс дурьдсан юм.
Эдгээрийг хэрэгжүүлснээр иргэн хүн төрийн аливаа үйлчилгээг авах гэж зам дээр түгжрэхгүй, байшин дотор дугаарлаж бухимдахгүй, хэн нэг албан тушаалтныг царай алдахгүй болно. Иргэн хүн төрийн лавлагаа мэдээллийн үйлчилгээнүүдийг гэрээсээ, эсвэл гаднаас тусгай төхөөрөмжүүдээс хэдхэн минутад авдаг болно. Улаанбаатараас гарахдаа тааруулсан радиог орон даяар сонсоод явдаг боломжтой, бас зурагтаар монгол агуулгатай бүтээл, үзвэр олон үзэж, тоон технологид суурилсан өндөр чанартай радио телевизийн сүлжээг олон сувгийн сонголттойгоор хүлээн авна. Өндөр хурдны интернэтийг орон нутгийнхан өнөөгийнхөөс гурав дахин хямд үнээр хэрэглэнэ, бизнесийнхэн худалдаа үйлчилгээгээ цахим хэлбэрээр явуулдаг болно, шуудангийн үйлчилгээ 21-р зууны дэвшилтэй хөл нийлнэ. Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, өргөн уудам нутгаа алган дээр тавьсан мэт тольдож чаддаг болно. Эцсийн дүндээ төрийн үйл ажиллагааг иргэд толинд харахтай адил хөшиг хаалтгүйгээр хянаж чаддаг болно гээд олон боломжуудын талаар хэллээ.
Шинэчлэлийн Засгийн газраас ирэх дөрвөн жилд мэдээллийн технологийн салбарт тавьсан дээрх зорилтуудад хүрэхийн тулд нүсэр ажлын ард гарах хэрэгтэй байгааг Засгийн газрын тэргүүн тодотгоод, үүнд салбарын мэргэжилтнүүдийн хүч оролцоо нэн чухал. Иймд эдгээр ажлыг хэрхэн гүйцэтгэх, дэд бүтэц, технологийн шийдлийг яаж бий болгох, өндөр ур чадвартай дотоодын мэргэжилтнүүдийг ямар замаар бэлтгэх зэрэг олон асуултын хариуг өнөөдрийн нээлттэй өдөрлөгөөр тус салбарынханд танилцуулсан юм.
Иргэнд нээлттэй байх нь бүү хэл төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцоход ч чирэгдэлтэй өнөөгийн тогтолцоог төр өөрөө халахаас ажлаа эхлүүлж, үр дүнд хүрч байгаа. Мэдээллийн технологийн салбарын дэд бүтцийг хөрөнгө заран хөгжүүлж, дотоодын чадварлаг мэргэжилтнүүдээ цаг гарган бэлтгэж, гадныхны дэвшилтэт шийдлүүдийг нутагшуулан нэвтрүүлснээр манай улс дэлхийн жишигтэй хөл нийлүүлэх болно хэмээн Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн хэлээд, үүнийг хамтран хийх салбарын мэргэжилтнүүддээ амжилт хүсээд улам бүр чадваржихыг захилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.