УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Төрийн ордонд чуулж буй аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт 2013 онд баримтлан ажиллах батлан хамгаалах бодлогын чиглэл, орон нутагт анхаарах зарим асуудлын талаар мэдээлэл хийж, тэдний санал хүсэлтийг сонслоо.
Батлан хамгаалахын сайдаар томилогдон ажилласан 4 сар гаруйн хугацаанд салбарын хэмжээнд өмнө нь төлөвлөгдсөн үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалан ажиллаж байгаагийн зэрэгцээ шинэчлэлийн Засгийн газрын санаачлагаар ч тодорхой шинэлэг ажлууд өрнөж байгааг сайд Д.Бат-Эрдэнэ дурдсан юм.
БХЯ батлан хамгаалах нь бүх нийтийн үйл хэрэг байх зарчимд тулгуурлан Төрийн батлан хамгаалах бодлогыг шинэчлэх, батлан хамгаалах төсвийн ДНБ-нд эзлэх хувийг нэмэгдүүлэх, Зэвсэгт хүчний нэгдмэл байдлыг хангаж, мэргэжлийн цэрэгт суурилсан орчин үеийн Зэвсэгт хүчинтэй болох, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг бэхжүүлж, үндэсний байнгын хүчний тогтолцоог бүрдүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, Зэвсэгт хүчинд эх оронч үзэл, хүмүүжил, хүний хөгжил, төлөвшлийн орчинг бүрдүүлэх, цэргийн алба хаагчдын эрх зүй, нийгмийн баталгааг сайжруулах, цэргийн алба хаагчдыг улс орны бүтээн байгуулалтын ажилд оролцуулах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Батлан хамгаалах бодлогын чиглэлээр тусгасан дээрх зорилго, зорилтуудын хүрээнд БХЯ нийт 32 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсөл, хөтөлбөр боловсруулж байгаа юм.
Юуны өмнө батлан хамгаалах төсвийн ДНБ-нд эзлэх хувь хэмжээг олон улсын жишигт ойртуулан тогтоох асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр Батлан хамгаалах салбарын төсөв хэрэглээний бус хөгжлийг эрчимжүүлэх төсөв болж, Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхи дээшилж, цэргийн алба хаагчдын нийгмийн асуудал бүрэн шийдвэрлэгдэх таатай нөхцөл бүрдэнэ.
Мөн Монгол Улс олон улсын энхийн төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулж, Зэвсэгт хүчний анхны Цэргийн багийг илгээснээс хойших 10 жилийн хугацаанд НҮБ-ын Энхийг дэмжих болон бусад олон улсын ажиллагаанд давхардсан тоогоор 7050 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгээд байна. Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчин оролцсноор Монгол Улсын нэр хүнд дэлхий дахинд өсөж, монгол цэрэг олон улсын хэмжээнд танигдаж, цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар дээшилж, олон улсын ажиллагааны төвөгтэй орчинд үүрэг гүйцэтгэх дадлага туршлага нэмэгдэж, нийгмийн асуудал нь ч тодорхой хэмжээнд шийдэгдэж, Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхи дээшилж байгаа нь чухал ач холбогдолтой юм.
Үүний зэрэгцээ залуучуудын дунд цэрэг эрсээрээ бахархах омогшил бий болж, цэргийн алба хаах сонирхол нэмэгдэхийн хамт цэрэг, эх оронч хүмүүжил төлөвших таатай нөхцөл бий болсон. Залуучуудад цэргийн алба хаах хугацаанд нь түүхээ мэдэх, эх орноо хайрлах, монгол хүн гэдгээрээ бахархах эх оронч үзлийг төлөвшүүлэх нь Батлан хамгаалах салбарын үйл ажиллагааны гол зорилтын нэг. Иймээс “Төрийн албаны тухай” хуульд “Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн төрийн албаны онцлог төрөл болох энэ үүргээ биелүүлээгүй бол төрийн албанд авахыг хориглоно” гэсэн заалтыг нэмж тусгасан билээ. Энэхүү хуулийн заалт их, дээд сургууль төгсөөд төрийн албанд ажиллах сонирхолтой залуучуудыг Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэх, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэхэд ихээхэн түлхэц болж байна.
Түүнчлэн улс орон, орон нутгийн хөгжил дэвшилд дэмжлэг үзүүлэх, улс орны бүтээн байгуулалтад цэргийн хүчнийг оролцуулах, цэргийн алба хаагчдад энгийн мэргэжил эзэмшүүлэх нь бидний зайлшгүй хийх ёстой үйл ажиллагааны нэг байх болно. Улс орны бүтээн байгуулалт, энхийг дэмжих ажиллагаанд барилга, инженерийн чиглэлээр оролцуулах зорилгоор 2010-2011 онд барилга-инженерийн ангийг Баянхонгор, Баян-Өлгий, Сүхбаатар аймагт байгуулж, орон нутгийн бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлж байна. Цаашид ч цэргийн анги, салбаргүй аймаг орон нутаг, стратегийн ач холбогдол бүхий газруудыг түшиглэн Зэвсэгт хүчний анги, салбарыг шинээр байгуулж, улс орны томоохон бүтээн байгуулалтын ажилд оролцуулах асуудлыг төлөвлөөд байна. Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан нэг томоохон зорилт бол стратегийн ач холбогдол бүхий уул уурхай, үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэх, экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, байгалийг нөхөн сэргээх зэрэг үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх асуудал юм. Монгол Улсын хөгжлийг тодорхойлох стратегийн томоохон орд газруудын бүтээн байгуулалтын ажилд хугацаат цэргийн алба хаагчдыг өргөнөөр оролцуулж, тэднийг цэргийн алба хаах хугацаанд нь мэргэжилтэй болгох, цаашлаад ажлын байраар хангах асуудлыг шийдвэрлэх хөтөлбөр боловсруулж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд үндэсний уул, уурхайн хөгжилд ач холбогдолтой хүнд машин механизмын болон инженер, техникийн мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх зорилго тавьж байгаа юм.
Батлан хамгаалах бодлого, зорилтыг сурталчлах, нээлттэй болгох ажлыг цаашид шинэлэг агуулга, хэлбэрээр зохион байгуулна. Та бүхэн ч орон нутагтаа энэ ажлыг үр өгөөжтэй, өргөн цар хүрээтэй, үр дүнтэй болоход анхаарч ажиллах шаардлагатай. Бас иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн насны залуучуудад эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх, тэдний эрүүл мэнд, боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Бидний баримталж байгаа бодлогын хүрээнд хэрэгжүүлэх “Иргэнийг цэргийн алба хаах хугацаанд нь улс орны бүтээн байгуулалтад оролцуулж, барилга, зам гүүр, хүнд машин механизмын жолооч зэрэг нарийн мэргэжил эзэмшүүлэх” асуудлыг орон нутгийн иргэдэд сурталчлах ажлыг хийгээрэй. Төрийн батлан хамгаалах бодлого, зорилт ард иргэдийн оролцоо, дэмжлэгт тулгуурлан орон нутагт хэрэгждэг бөгөөд бидний гар нийлэмжтэй хамтын ажиллагаанаас үр дүн нь хамаарна гэдгийг сайд Д.Бат-Эрдэнэ онцлосон юм.