ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын болон Оношилгоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга нар өчигдөр ЭХЭМҮТ, Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, БГД-ийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан байна.
ЭХЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцсан байдал
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Нярайн эрчимт эмчилгээний тасгийн хамт олон болон Хүүхдийн эрүүл мэндийн асуудал хариуцсан дэд захирал Б.Баясгалантай нартай уулзлаа.
ЭХЭМҮТ-ийн хамт олонтой дараах чиглэлээр санал солилцлоо. Үүнд:
1. Нярайн тусламж үйлчилгээний онцлог, эрсдлийг тооцох, бууруулах төлөвлөгөө боловсруулах, хариу арга хэмжээ авах, дахин эмч, эмнэлгийн ажилтантай холбоотой хариуцлагын асуудал яригдахгүй байх талаар
2. “Лавлагаа төвийн үлгэрчилсэн дүрэм, бүтцийг батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 429 дүгээр тушаалыг танилцуулж тайлбарлан санал солилцов.
Санал солилцох үеэр гарсан санал:
1. Нярайн тусламж үйлчилгээний онцлогт тохирсон халаадаг ширээ хэрэгтэй байна.
Шийдвэр:
Нярайн тусламж үйлчилгээний онцлогт тохирсон шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалтыг ЭМЯ-д хүргүүлэх
Уулзалтын үеэр Баянхонгор аймгаас түлэгдэлтийн улмаас ирж эмчлүүлж буй 18 хоногтой охин эмнэлгээс гарч байлаа. Дээрх охин 2013 оны 01 сарын 03-15-ныг хүртэл тус тасагт эмчлүүлэхэд, Хүүхдийн эмнэлгийн Нярайн эрчимт эмчилгээний тасгийн Ч.Наранцэцэг эрхлэгчтэй хамт олон, түүний дотор эмчлэгч эмч С.Энхтуяа, Түлэнхийн тасгийн Л.Тулга зөвлөх эмч тэргүүтэй түлэнхийн тасгийн их эмч нар хамтран ажиллаж, охиныг бүрэн эдгээж Баянхонгор аймаг руу буцах гэж байгаатай тааралдлаа. ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Мөнхбат ЭХЭМҮТ-ийн Нярайн эрчимт эмчилгээний тасгийн хамт олон, Түлэнхийн тасгийн эмч нарын үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний үр дүнд богино хугацаанд эмчлэгдэн гарч байна. Охины биеийн байдал сайн, шарх эдгэрсэн, цаашид орон нутгийн эмчийн хяналтад байна гэв. Цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээний эрсдлийг тооцох, үнэлэх, дахин хариуцлагатай холбоотой асуудал гаргуулахгүй байх тогтолцоог бүрдүүлнэ нэмээн тэрбээр цохон хэлллээ. Нярайн эрчимт эмчилгээний тасгийн эмчлэгч эмч С.Энхтуяа, ээж Д.Даваахүү нар нярайн биеийн байдал сайн болсон талаар мэдээлэв.
УГТЭ- ийн үйл ажиллагаатай танилцсан байдал
УГТЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Төмөр-Очир, Стратеги төлөвлөлт эрхэлсэн орлогч дарга Л.Баярцэцэг болон инженер, засвар үйлчилгээний ажилтнуудтай уулзаж ярилцав.
- Тус төв эмнэлэгт нээгдэх 8 ортой Гемодиализийн төвийн явцтай танилцах
- “Лавлагаа төвийн үлгэрчилсэн дүрэм, бүтцийг батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 429 дүгээр тушаалыг танилцуулж санал солилцов.
Гемодиализийн төвийг байгуулахад шаардагдах өрөө тасалгааны засвар үйлчилгээ, гемодиализийн 8 аппарат суурилуулахад шаардагдах багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж, санхүүжилт, ажиллах хүний нөөцийн талаар ярилцаж, засварын явцтай газар дээр нь очиж танилцлаа. Засварын ажлыг 2013 оны 01 дүгээр сарын 18 гэхэд дуусгана гэв.
Тулгамдаж буй асуудал:
1. Аппарат 1 сарын 24 гэхэд орж ирнэ
2. Аппарат ажиллуулах хүний нөөц дутагдалтай
3. Усны дээжийн шинжилгээг Стандарт хэмжилзүйн төвд өгөх
4. Зөөлөн эдлэл, эд хогшил худалдан авах санхүүжилтгүй
Шийдвэр:
1. Гемодиализийн аппаратад орох нэн шаардлагатай 27 өвчтөний асуудлыг шийдэхэд тус аппаратыг бүрэн яаралтай ашиглалтад оруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж, засварын ажлыг 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэхэд дуусгахыг УГТЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Төмөр-Очирт,
2. Аппарат ажиллуулах их эмч, сувилагч нарыг УНТЭ-ийн Гемодиализийн төвд сургах, тус төвөөс мэргэжилтэн 7-14 хоног ажиллуулах асуудлыг ЭМЯ-ны ОЭТХ-т,
3. Усны дээжийн шинжилгээг яаралтай хийж өгөх талаар холбогдох байгууллагуудад албан бичиг явуулах УГТЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Төмөр-Очир, ЭМЯ-ны ОЭТХ-т,
4. Зөөлөн эдлэл, эд хогшил худалдан авах санхүүжилтийг эхний улиралд (1 дүгээр сард) олгох талаар ЭМЯ-ны Санхүү, эдийн засагт тавьж, шийдвэрлүүлэх ЭМЯ-ны ОЭТХ-т тус тус үүрэг болгов.
БГД-ийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан байдал
Тус нэгдсэн эмнэлэг нь 60 ортой. 2013 онд 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилга ашиглалтад орно гэв. Хүлээн авах тасагтаа яаралтай түргэн тусламжийн хэсэгтэй. Тус хэсэг нь 3 ортой, одоогоор архины хордлого, давтан цус харвалтаар ирсэн 2 өвчтөнтэй байв. Энд 24 цаг тусламж үзүүлээд, тасаг шилжүүлдэг аж.
Энэ үеэр “Лавлагаа төвийн үлгэрчилсэн дүрэм, бүтцийг батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2012 оны 12 сарын 20-ны 429 дүгээр тушаалын дагуу Лавлагаа төвиэй хэрхэн хамтарч ажиллах талаар, Нэгдсэн эмнэлгийн дэргэд Гэмтлийн яаралтай тусламжийн тасаг, нэгж байгуулах асуудлаар ярилцаж, санал солилцов.
Шийдвэр:
Нэгдсэн эмнэлгийн дэргэд Гэмтлийн яаралтай тусламжийн тасаг, нэгж байгуулах талаар холбогдох арга хэмжээ авах
Эмнэлгүүдийн ажилтай Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Мөнхбат, тус газрын Оношилгоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, хэлтсийн мэргэжилтэн Ц.Хандармаа нар танилцсан байна.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Нярайн эрчимт эмчилгээний тасгийн хамт олон болон Хүүхдийн эрүүл мэндийн асуудал хариуцсан дэд захирал Б.Баясгалантай нартай уулзаж байгаа нь
Телевизүүд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлээд гарч буй охины биеийн байдлыг тодруулав.
БГД-ийн Эрүүл мэндийн нэгдлийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Л.Мягмарсүрэн, Нэгдсэн эмнэлгийн ахлах эмч Б.Шинэхүү түүнчлэн Хүлээн авах тасгийн их эмч, Сэхээний тасгийн сувилагч нартай уулзаж, Нэгдсэн эмнэлгийн дэргэд Гэмтлийн яаралтай түргэн тусламжийн тасаг, нэгж байгуулах талаар ярилцлаа.