Эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүлээгдэл чирэгдэл, ачаалалтай танилцахаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал 1 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Орхон болон Дархан-Уул аймагт ажиллав.
Дархан-Уул аймаг
Дархан-Уул аймаг нь 90 гаруй мянган хүн амтай нийслэлийн дараа орох томоохон хот юм. Н.Удвал сайд Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар болон нэгдсэн эмнэлгээр орж эмч, ажилчид, үйлчлүүлэгч нартай уулзаж тэдний санал бодлыг нь сонслоо. Үйлчлүүлэгчдийн зүгээс ямар нэгэн санал гомдол байхгүй эмчилгээ үйлчилгээ түргэн шуурхай гэсэн хариултыг өгч байв.
Улсын хэмжээнд он гарсаар хоёр мянга орчим хүн хальтиргаа гулгаанаас болж ясны гэмтэл бэртэл авсан байгааг Сайд дуулгаад эмнэлгийн байгууллагын гаднах цас, мөсөө цэвэрлэх шаардлагатайг хэллээ. Мөн эмч, эмнэлгийн ажилчдын хариуцлага алдаа дутагдал, зан харьцааны доголдол, эмнэлгийн байгууллагын хүлээгдэл чирэгдэл, хүнд суртлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид хийх ажлынхаа талаар товч танилцуулсан юм.
Эмнэлгийн эмч мэргэжилтнүүдээс сайдад хандаж нэлээд асуудлыг тавьж байсны дийлэнхийг нь цалин, шагнал урамшуулал, багаж тоног төхөөрөмжийн хүрэлцээ байсан юм. Дархан-Уул аймгийн Хонгор сум гэхэд ганцхан фургон автомашинтай бөгөөд явахыг хориглосон Улсын байцаагчын дүгнэлт гарсан байгаа. Тиймээс шинэ машин авах шаардлагатай байгаа гэнэ.
Тус сумын хувьд дуудлагад хамгийн холдоо 140 орчим километр хүртэл явдаг ажээ. Дархан-Уул аймаг дахь Хувийн эмнэлгүүдийн нэгдсэн холбооны дарга Л.Бат-Эрдэнэ тус аймгийн нэгдсэн эмнэлгийн ачаанаас үүрэлцэж яваа хувийн хэвшлийн эмнэлгүүдийг ялгаварлан гадуурхахгүй ижил тэгш байх нөхцлөөр хангах, тэднийг төр засаг, яамны зүгээс бодлогоор дэмжиж өгөхийг Сайдаас хүссэн юм. Дархан хотод 55 хувийн эмнэлэг байдаг бөгөөд 300 гаруй эмч мэргэжилтнүүд ажилладаг байна. Уулзалтын үеэр сайд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар гурван хүнийг шагнаж урамшууллаа. Мөн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт мэс заслын иж бүрэн багаж хэрэгсэл хүлээлгэн өгсөн юм.
Орхон аймаг
Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 2009 оноос Хангайн бүсийн оношлогоо эмчилгээний төв болжээ. Ингэснээр Хөвсгөл, Булган аймгийн бүх сум Сэлэнгэ аймгийн хоёр сумын иргэдэд эмнэлгийн хоёрдугаар шатлалын үйлчилгээг үзүүлдэг байна. Тиймээс тус төвийн ачаалал их байдаг ажээ.
Тус эмнэлэг нь гурван жилийн өмнө 381 ажилтантай байсан тус төв нь өнөөдрийн байдлаар 505 эмч, ажилчидтайгаар өөрийн аймгийн иргэдээс гадна түр оршин суугч, дамжин өнгөрөгч нарт үйлчилдэг байна. Бүсийн оношлогоо эмчилгээний төв болсноос хойш дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй гэнэ. Харин улсын болон орон нутгийн төсвөөс нэн шаардалагтай тулгамдсан асуулдыг шийдэх, дэд бүтэц, барилга байгууламжийн засвар зэргийг хийсэн аж.
Өнгөрсөн онд орон нутгийн төсвөөс 204 сая төгрөг, улсын төсвөөс 250 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийжээ. Бүсийн хэмжээний оношлогооний төв болгоход багадаа 10 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай юм байна. Тус аймагт өнгөрсөн онд 2500 эх амаржсаны 400 гаруй нь явуулын буюу түр оршин суугч байжээ. Энэ нь тухайн аймгийн иргэдэд төсөвлөгдсөн хөрөнгө мөнгөнөөс зарцуулалт хийж ачаалал үүсч байгаа гэнэ. Тиймээс өнгөрсөн онд 500 гаруй сая төгрөгийн давсан гүйцэтгэлтэй ажилласан байна. Тиймээс үйлчилгээнд нь тохирсон бодит санхүүжилтыг олгож өгөхийг БОЭТ-ийн дарга М.Баттүвшин хүссэн юм.
Сайд Н.Удвал Орхон аймгийн Эрүүл мэндийн газраар орж эмч, ажилчидтай уулзлаа. Сайдыг очиход ММСС-аас тус аймгийн сум багийн эмч нарт эрт илрүүлгийн үзлэгийн үеийн сургалт явуулж байв. Н.Удвал сайд эмч мэргэжилтнүүдтэй харилцан ярилцаж тэдний санал хүсэлтийг сонслоо. Мөн эмнэлгийн байгууллагын чанар, аюулгүй байдал, зан харьцаа, хүлээгдэл чирэгдэл, хариуцлагын талаар ярилцлаа.
Улсын хэмжээнд дөрөв хоногийн дотор мянга гаруй иргэд хальтирч унасанаас болж ямар нэгэн ясны бэртэл авч байгааг сануулаад, гадаах зам талбайгаа цэвэрлэж цас мөснөөс салгахыг мөн адил үүрэг болголоо. Түүнчлэн бусад байгууллагууд ч гэсэн өөрсдийн ойр орчмын зам талбайг цэвэрлэх шаардлагатай байгааг Аймгийн засаг даргад уламжилж, энэ тал дээр арга хэмжээ авахыг Сайд хүслээ. Энэ үеэр Сайд Н.Удвал “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр гурван хүнийг шагнасан юм.