Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын хооронд 1950 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж буй худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд энэ айлчлал чухал түлхэц болно.
БНПУ-д хийх айлчлалын үеэр Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тус улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовскитэй хэлэлцээ, Сеймийн маршал Эва Копач, Сенатын маршал Богдан Борусевич, Ерөнхий сайд Дональд Туск нартай албан ёсны уулзалт тус тус хийнэ. Мөн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Варшавын Их сургуульд лекц уншиж, БНПУ-ын Ерөнхийлөгч Бронислав Коморовскийн хамт Монгол-Польшийн бизнесийн уулзалтад оролцож, үг хэлнэ.
Түүнчлэн БНПУ-д оршин сууж байгаа монгол иргэдтэй уулзах, Польш дахь Монгол судлалыг дэмжих үүднээс Варшавын Их сургуульд шинээр байгуулагдаж буй монгол хэлний ярианы дадлагын танхимыг албан ёсоор нээх зэрэг арга хэмжээг төлөвлөөд байна.
Монгол, Польшийн Засгийн газар хооронд эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол зэрэг салбарт хамтран ажиллах баримт бичгүүдэд айлчлалын үеэр гарын үсэг зурна.
Давост болох Дэлхийн эдийн засгийн энэ удаагийн чуулга уулзалтаар “Эрсдлийг даван туулах чадвар” сэдвийн дор дэлхий дахин, бүс нутаг, үйлдвэрлэлийн түвшинд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх юм.
Эл чуулга уулзалтын хүрээнд Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дэлхийн эдийн засгийн төлөв байдал, ардчилал, авлигатай тэмцэх, ус, ногоон хөгжил зэрэг сэдвийн дор болох хуралдаануудад оролцохоор төлөвлөж байна. Түүнчлэн чуулга уулзалтын үеэр болох дэлхийн эдийн засгийн удирдагчдын албан бус цугларалтад оролцож, хоёр талын уулзалтууд хийнэ.