Солонгосын хойг дайны ирмэгт тулсан гэж дэлхийн ХМХ байн байн мэдээлж байна. Хоёр Солонгос улсын харилцаа ахин хурцдаж, зэвсэгт мөргөлдөөнд хүрч мэдэх үед ингэж мэдээлдэг. Харин зэвсэгт мөргөлдөөн дайн болж хувирах аргагүй. Их дайн сүйдэх хор уршигтайг Умард ч, Өмнөд ч Солонгос ойлгож байгаа. Энэ нь Сөүл буюу Пхеньяний энхийг эрхэмлэх бодлого эсвэл хоёр Солонгос улсын улс төрчдийн ёс суртахууны өндөр чанарын илэрэл бишээ. Пхеньян, Сөүлд дайны хэнээтэн засгийн эрхэнд гарсан ч Солонгосын хойгт их дайн хийхгүй.
Умард Солонгос ялах бараг боломжгүй байгаа учир дайн дэгдээхгүй. Өмнөд Солонгосын арми ердийн зэвсгийн талаар маргаангүй давуу байна. Өмнөд Солонгосын арми зэвсэг техник, бэлтгэлийн талаар 2013 оны шинэхин арми байхад Умард Солонгосынх 1973, бүр 1963 оны арми юм. Умард түрэмгийлэл үйлдвэл, армийг нь хэдхэн долоо хоногийн дотор бут цохино.
Хятад улс дайнд оролцож Умардыг аварч мэднэ. Гэвч ийм эргэлт гарах боломж бараг үгүй. Умард Өмнөд Солонгосын түрэмгийллийн золиос болвол Хятад улс үнэхээр түүнд туслаж мэднэ. Гэвч Умард дайн дэгдээвэл Хятад улс алмайран сууж туслахгүй. Адал балмад ажиллагааг урамшуулах явдал Хятад улсын төлөвлөгөөнд харшлана.
Тэгвэл Умард ба түүний элит дайнд ялагдана. Суртал нэвтрүүлгийн цогтой уриа дэвшүүлсэн ч Умард Солонгосын удирдлага цэрэг нь сулхан байгааг бүрэн ухамсарлаж байна. Цемийн зэвсэг бүтээх шийдвэр нь үүнтэй холбоотой байх. Гэвч БНАСАУ цөмийн хэдэн цэнэгтэй байсан ч тэр нь тогтоон барих хэрэгсэл төдий юм. Иймээс Пхеньян байлдан дайтах гээгүй.
Сөүл цэрэг-техникийн талаар давуу байгаа боловч дайн дэгдээхгүй.Үүнтэй холбогдуулан хоёр шалтгааныг дурдая.
1-рт, Сөүл тун эмзэг талтай юм. Өмнөд Солонгосын нийт хүн амын барагцаалбал тэн хагас нь 25 сая орчим хүн Умард Солонгосын хил орчмын том хотод оршин суудаг. Том хот даяар байг буудаж мэдэх их бууны хүчирхэг бүлэг хилийн нөгөө талд байна. Умард Солонгосын их буучид цөмийн зэвсэг хэрэглэлгүй Сөүлд их хохирол учруулж мэднэ. Иймээс амар түргэн ялалт ч Өмнөдөд их гарз хохирол учруулах уршигтай. Сөүл эвдрэн нурах нь үнэн чанартаа эдийн засаг сүйдэж, улс орон хэдэн арван жилээр ухрана гэсэн үг.
2 дах шалтгааны тухайд гэвэл Умардыг ялах нь Өмнөдөд эдийн засгийн ноцтой асуудлуудыг үүсгэх юм. Умард Өмнөдөөс тун ядуу. Хүн ам дутамд ногдох орлогын хэмжээний ялгаа хил залгаа орнуудын хувьд дэлхийд хамгийн томд орж байна. Умардыг нэгтгэх нь шинэ нутгийн хөгжилд ухаанд багтамгүй гэмээр хөрөнгө оруулах хэрэг болно. Өмнөд Солонгосоос хяналтдаа авч, нэгтгэхэд туслах нөөц Умард Солонгост алга. Өөрөөр хэлвэл ахар богино хугацаанд ялалт байгуулах дайн ч Өмнөд Солонгост эдийн засгийн сүйрлийн хор холбогдолтой болно.
Иймээс Солонгосын хойг их дайны ирмэгт тулсан гэсэн ХМХ-ийн мэдээлэлд тайван хандах хэрэгтэй. Ийм мэдээлэл сэтгүүлчдийн нэг ёсны амны уншлага болсон шиг байна.
"Оросын дуу хоолой"