Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Г.Уянга тавьсан асуултдаа, “Өнөөдөр нүүрсний экспорт зогсчихоод байгаа дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ. Махны үнийн өсөлт имфляцид чухал нөлөө үзүүлж байгааг ярилаа. Би сүүлийн үед түрээслэгчдэд тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг судалж хэд хэдэн газраар ороод байна. Жишээ нь малыг амьдаар нь худалдаж авахад орон нутагт татвар төлдөг, бой нядалгаа хийхэд татвар авдаг гээд иргэдийн гар дээр иртэл үй олон татвар төлөгдсөнөөр энэ нь махны үнэд шингээд байдаг юм байна. Засгийн газар түрээсийн холбоо байгуулж Ерөнхий сайд ч энэ тал дээр анхаарч хамтарч ажиллаж байгаа. Өнөөдөр түрээс өөрөө инфляци болчихоод байна. “ гэлээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариултдаа, “Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан нь нүүрсний экспортод сөргөөр нөлөөлсөн. 2013 оны төлөв байдлыг авч үзвэл нүүрсний үнэ жаахан сэргэх хандлагатай байгаа. Гадаад өрийн хувьд өмнө нь авсан өрүүд бий. Монголбанктай гэрээтэй ажилласнаар махны нөөцийг нэмэгдүүлэх, гурилын үнийг өсгөхгүйн тулд гурилын компаниудыг тодорхой хэмжээгээр дэмжих, тээвэрлэлтэд анхаарч ажиллахын зэрэгцээ барилгын материалын үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгө болгож 60 орчим тэрбум төгрөг гаргаж өгөх зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх юм. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөөд байгаа бодит шалтгаануудыг тогтоож түүний эсрэг авч байгаа арга хэмжээ болох юм. Махны үнийн өсөлтийг авч үзэхэд шинэ он гарахад махны үнэ өсдөг нь өмнөх онуудад ч гарч байсан юм билээ. Түрээсийн хувьд Уянга гишүүн санаачилга гаргаад ажиллаж байгаа.Түрээсийн тухай тусгай хууль гаргах шаарлагатай юм байна гэж үзээд Уянга гишүүнтэй хамтран ажиллаж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан асуултдаа “ Засгийн газар өнгөрсөн 2 жилийн хугацаанд ХХС-ийн мөнгийг сонгуулийн амлалтаа өгөхийн тулд Тавантолгойгоос 300 гаруй сая ам.долларыг зээлж авсан. Дөнгөж үйл ажиллагаагаа эхэлж байгаа компаниас ийм хэмжээний мөнгө авна гэдэг нь тэр компанийг дампууруулах үйл ажиллагаа болж байгаа юм. Иймд энэ мөнгөө одоо Тавантолгой компанид буцаагаад өгч болдоггүй юм уу.” гэдгийг тодруулсан юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариултдаа, “Тавантолгойн бүх тоог хэлэхэд хэцүү. Ер нь дандаа улирсан баларсан зүйл яриад яахав. Бид хамтдаа сууж байгаад 800 тэрбум төгрөгийн зээл аваад тараасан. Тэр зэргийн мөнгө Тавантолгойд байгаа. Юуны өмнө бид нүүрсний үнэ өсөөсэй гэж харж байна. Бид эрүүл саруул шүүмжлэл, санал гомдлыг 100 хувь хүлээж авна. Шинэчлэлийн засгийн газрын нэг бодлого нь үйл ажиллагаагаа аль болохоор иргэдийн болон сөрөг хүчний оролцоотой байлгахыг зорьж байгаа” гэв.
Мэдээллийн үеэр гишүүдийн зүгээс Чингис бондын талаар нэлээдгүй асуулт өрнүүлсэн юм. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өгсөн хариултдаа, “ Засгийн газар дээр хүүгийн төлбөрийн ачаалал байхгүй байгаа. Сөрөг хүчнийхэн бонд орж ирж өр үүслээ гэж яриад байгаа. Энэ бонд орж ирснээр өгөөжөө өгсөн үү гэвэл өгсөн. Нийгэм эдийн засагт өгөөжөө өгөөд эхэлсэн. 1,5 тэрбум ам,долларын бонд орж ирснээр эдийн засгийн хүндрэл гарахыг хамгаалж чадсан. Одоо бүтээн байгуулалт хийгдэнэ. Улаанбаатарт хурдны зам барих, уулзваруудын ачааллыг багасгах замын ажил хийх гээд бондын хөрөнгө бий болсноор Монгол Улсад их бүтээн байгуулалт хийгдэх боломж бий болж байгаа юм. Бонд шууд бөгөөд шууд бус утгаар монголын эдийн засагт өгөөжөө өгнө гэдэгт эргэлзэхгүй байгаа. Хяналт тавих асуудал УИХ, УИХ-ын гишүүдийн хувьд нээлттэй . Дэм дэмэндээ дээс эрчиндээ гээд хамтаар ажлаа хийгээд явбал улс орондоо ч, хүн арддаа ч хэрэгтэй юм ” гэлээ. Мөн Сангийн сайд Ч.Улаан “Бонд орж ирээд огт ашиглагдахгүй хэвтээд байгаа юм шиг яриад байгаа. Яг үнэндээ макро эдийн засгийн түвшин тогтворжиж энэ жил үнийн өсөлтийг харьцангүй тогтвортой барьж байна. Цаашдаа бүтээн байгуулалтыг өрнүүлэх үндэс суурь тавигдана. Бонд гэдэг нэг л бишээ гэсэн уур амьсгалыг нийгэмд өгөөд байвал бид өртэй мэт харагдана” гэсэн бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг, “ Одоо 19 төсөл нэгбүрчлэн яригдаж байна. Тэндээс тодорхой төслүүдийг Засгийн газарт оруулна. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж дэмжлэг авч, тодорхой хэрэгжүүлье гэсэн төслөө УИХ-д хүргүүлнэ. Түүнчлэн Засгийн газраас бондоор хэрэгжүүлье гэсэн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлнэ” гэдгийг хэллээ.
Б.Янжинлхам