Ингээд Д.Батбаярыг Төрийн албаны зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн танилцуулга, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн, Тогмидын Хадхүүг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилохыг дэмжлээ.
Т.Хадхүү төрийн албанд нийт 15 жил 8 сар ажилласан, төрийн албаны туршлага бүхий хуульч мэргэжилтэй эмэгтэй юм байна. Нэр дэвшигч Т.Хадхүүгийн томилгоотой холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Л.Энх-Амгалан нар асуулт асуусан. Т.Хадхүү төрийн албыг тогтвортой ажиллуулах нь чухлыг тэмдэглээд нөгөө талаас ард иргэддээ шуурхай үйлчлэх, төрийн албанд шинэчлэл нэвтрүүлэх нь төрийн албаны онцлог шинж, зарчим болоод буйг хэлж байлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, төрийн албаны зөвлөлийн гишүүдийг хэдийгээр УИХ-аас томилдог ч, ардчилсан зарчмыг барьж, төрийн институциудаас санал болгодог, гэхдээ төрийн нэрийн өмнөөс үйл ажлаа явуулдаг гээд шинээр томилогдож байгаа хүмүүс төрийн албаны шинэчлэлийн төлөө зөв үйл ажиллагаа явуулна гэдэгт найдаж буйгаа хэлсэн.
Үүгээр үдээс өмнөх чуулган өндөрлөв. Үдээс хойш 15.00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын нэгдсэн чуулганд мэдээлэл хийх юм.