УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гаригийн /2013.01.18./ үдээс өмнөх хуралдаан Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж дэмжлээ.
Түүнчлэн Газар албадан чөлөөлөх тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь бэлчээрийн газрыг эзэмшүүлэх тухайд санал бодлоо хэлж багц хуулийг дэмжиж байна гэдгээ хэлсэн.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан газрын харилцаа бол улсын оршин тогтнох үндэс мөн хэмээн дурдаад, Газрын тухай багц хуулийн тухайд үндсэн анхаарвал зохих гол зүйлүүд бий гэсэн юм. Тэрээр бэлчээрийг эзэмшүүлэх асуудал нь анх удаа хийж байгаа нэлээд том ажил, үүнд бид туршилтын журмаар орж байна, мөн ямар тохиодолд газрыг албадан чөлөөлөх вэ гэдгийг хуулиар тодорхой болгох, үүний тулд жишээ нь, Улаанбаатарын газар гэхэд л хотын ерөнхий төлөвлөгөөг барьж ажиллах нь чухал гэв. Тэрээр иргэдэд газар өмчлүүлэх нь хамгийн чухал учраас газрыг албадан чөлөөлөхтэй уялдуулж, нухацтай хэлэлцэх, улстөржихгүй байх нь чухал гэсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Арвин газрыг эзэмшүүлэхдээ маш оновчтой байдлаар, зөв хувилбарыг сонгох хэрэгтэй гээд газрыг хүмүүст бэлэглэх зэргээр улс төрд ашигладаг, сонгуульд газрыг гул барьж хэрэглэх болсон буруу зуршлыг үгүй хийх байтал хуулийн төсөлд үүн рүү чиглэж, хазайсан заалт байна гэдгийг хэлсэн юм. Тэрээр газрыг албадан чөлөөлөх гэсэн нэр томъёог өөрчлөн найруулах саналаа мөн хэлсэн, нэрнээсээ болоод сөрөг ойлголт гарах вий гэдэгт тэрээр болгоомжилж буйгаа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа газрын үнэлгээг бүсчилсэн байдлаар тогтоох зэргээр газар эзэмшүүлэх асуудалд анхааралтай хандах хэрэгтэйг хэлсэн. Мөн УИХ-ын дэд дарга Л.Цог иргэний өмчид хандахдаа хууль зүйн үндэстэй хандах, газрыг албадан чөлөөлөхдөө маш анхааралтай байхыг хэлж, нугалаа гаргахгүй байхыг сануулсан. Мөн тэрээр горимын саналаа дуулгасан. Тэр нь газрыг албадан чөлөөлөх, газар эзэмшүүлэх тухай хуулийн төслийг тусад нь хэлэлцье гэсэн санал байсан.
Ингээд УИХ-ын дарга газрын тухай багц хуулиудын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад 86,3 хувийн саналаар гишүүд дэмжиж, багц хуулийн төслийг УИХ-ын БОХХАА-н байнгын хороо руу шилжүүлсэн.
Дараа нь УИХ-ын дарга З.Энхболд эцсийн найруулга сонсох тухай хуулиудыг доор дурдсанаар уншиж, гишүүдэд сонсгов.
1. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль;
2. Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
3. Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
4. Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
5. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
6. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
7. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
8. “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол;
9. “Зарим хууль, тогтоолын төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоол;
10.Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль;
11.Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
12. Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
13. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
14. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
15.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
16. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
17.“Шүүхийн багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол зэргийн эцсийн найруулгыг гишүүд сонслоо.