Хүн амын амьд явах, эрүүл аж төрөх эрхийг хамгаалахад чиглэсэн энэ хуулийн гол зорилго нь тамхичидтай тэмцэхээсээ илүү дам тамхидалтад өртөхөөс сэргийлэх явдал байсан бөгөөд тамхины хоронд ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд, түүний дотор 15-18 насныхан, сургуулийн ахлах ангийнхан өртдөг болохоор эмэгтэй гишүүд Монголын сурагчдын холбоо /МСХ/-той хамтран ажиллахаар болжээ. Энэ ажлын хүрээнд хуулийн агуулга, ач холбогдол болон тамхины хор хөнөөл, түүнээс хэрхэн татгалзах талаар өсвөр үеийнхэнд тайлбарлан таниулах зорилгоор УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг МСХ-той хамтран нийслэлийн 34 сургуулийн сурагчдын төлөөллийг оролцуулсан “Тамхинаас татгалзсан өсвөр үе” сэдэвт 1000 хүүхдийн чуулганыг 1 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байгаагаа өнөөдөр болсон хэвлэлийн бага хурал дээр УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг мэдээллээ.
Хэвлэлийн хуралд оролцсон МСХ-ны тэргүүн О.Сэлэнгэ ярихдаа дам тамхидалтанд өртөж буй өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хүүхдэд ээлтэй сургууль, орчин бий болгох, утаат тамхи татахыг хориглосон газрын хүрээг өргөтгөн цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчинд тамхи татахыг хориглох, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи, тамхин бүтээгдэхүүнээр худалдаа хийхгүй байх зэрэг зохицуулалтыг хуульд тусгасныг сануулан хэлсэн юм.
Судалгаанаас үзвэл сүүлийн хориод жил манай хүн амын дотор тамхи татах явдал нэлээд газар авч, 4 хүн тутмын нэг нь өдөр бүр тогтмол тамхи татаж байгаагийн дотор 15-24 насны өсвөр үе, залуучуудын дундах тамхины хэрэглээ огцом нэмэгдсэн байна. Насанд хүрэгсдийн 42 хувь, хүүхдүүдийн 54 хувь нь гэртээ дам тамхидалтанд өртөж байгаа нь хамгийн их санаа зовоох асуудал болж, эрүүл мэндийн ойлголтоороо хорт зуршилд тооцогдох энэ зан үйл эргээд элдэв өвчин, хорт хавдрын шалтгаан болж буй аж.
Тиймээс ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хэрэгжилтийг нь хангах, олон нийтэд сурталчлан таниулах, тамхины хор хөнөөлд өсвөр үеийнхэн өртөхөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нөгөөтэйгүүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах хүүхдийн эрхийг хамгаалах нөхцөл бүрдүүлэх талаар МСХ УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэгтэй олон талт санал, санаачилга гарган ажиллахаар болж, УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийг төлөөлж Л.Эрдэнэчимэг, МСХ-г төлөөлж О.Сэлэнгэ нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.